Цагдан хоригдоод буй Ж.Батзандан Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэн үү
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж аваад эргэн төлөөгүй аж. Эл хэрэгтээ буруутгагдан цагдан хоригдсон байна.
Уг хэрэгт холбогдуулан түүний туслах, Шинэ намын дарга Г.Аюулгүйг хамт шалгаж байна. Дээрх зээлийг авахад Ж.Батзандан нь нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир саатуулсан байна.
Үүнээс гадна, түүний төрсөн ах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдсон талаарх мэдээллээ цахим орчинд ил тавьж, багагүй бухимдаж байгаагаа илэрхийлж байсан. Шалгагдаж буй дээрх хэргүүдтэй холбоотойгоор тэрбээр төрийн тэргүүнээс дэмжлэг хүссэн ч эс бүтсэн учраас ийнхүү "бухимдаж буй" хэмээн эх сурвалжууд хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.