Холимог хосын өрсөлдөөн ширүүхэн явагдлаа

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй Ронни О Сулливан, Жадд Трамп, Марк Селби, Нейл Робертсон нар эмэгтэйчүүдийн чансаагаар дэлхийд тэргүүлж буй дөрвөн эмэгтэй биллиардчидтай холимог хос болон өрсөлдсөн "World Mixed Doubles-2022" тэмцээн тун үзүүштэй болж өндөрлөлөө.  

 

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд дараах дөрвөн хос тойргоор өрсөлдөж Нейл Робертсон, Тайландын залуу биллиардчин Нутчарут Вонхарут нар түрүүллээ.  

  • Дэлхийн долоон удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч домогт Ронни О Сулливан эмэгтэйчүүдийн дэлхийн 12 удаагийн аварга Рийн Эвансийн хамт. 
  • 2019 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Жадд Трамп эмэгтэйчүүдийн дэлхийн гурван удаагийн аварга Хонг Конгийн Он Еэгийн хамт
  • Дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Английн Ребекка Кеннатай хамт
  • Тойргийн эхний хоёр тоглолтдоо дараалан ялагдал хүлээсэн 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Тайландын залуу биллиардчин Нутчарут Вонхарут нар Жадд Трамп, Он Еэ нарыг 4:0 харьцаагаар буулган авч шигшээд шалгарсан юм. Харин нөгөө талаас Марк Селби, Ребекка Кенна нар нэг ч хожигдолгүйгээр шигшээд шалгарсан юм. 

Энэ удаагийн тэмцээнд Марк Селби, Ребекка Кенна нар үнэхээр сайн байсан хэдий ч эцсийн мөчид Нейл Робертсон, Нутчарут Вонхарут нар 4:2 харьцаагаар ялалт байгуулснаар "World Mixed Doubles-2022" тэмцээний аваргууд боллоо. Энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон 22 настай Тайланд бүсгүйн хувьд мэргэжлийн карьерынх нь томоохон эхлэл болж буйг тэмдэглэх хэрэгтэй. "World Mixed Doubles-2022" тэмцээний аваргууд тус бүр 30.000 фунт стерлингийн шагнал хүртсэн ба Нутчарут Вонхарутын хувьд энэ нь түүний хүртэж буй хамгийн өндөр шагнал болж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.