С.Моллай аварга Азербайжаны нэрийн өмнөөс ДАШТ-д зодоглоно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 14 хоног үлдээд байна.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport сайт жүдо ДАШТ-ий өмнө тус тэмцээнтэй холбоотой мэдээллийг цувралаар толилуулж байгаа билээ. Өнөөдөр хамгийн үзүүштэй жин болох эрэгтэйчүүдийн -81кг жингийн оролцогчдыг танилцуулж байна.
Тус жинд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Г.Тато болон олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Бельгийн К.Маттиас, олимп, дэлхийн аварга Японы Т.Нагасе нарын шилдгүүд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Япон улсаас энэ жинд хоёр тамирчин сойж буйн нэг нь ДАШТ-ийн мөнгөн медальт С.Фуживара юм. Тэрээр энэ жил Парисын их дуулгын финалд Гүржийн Г.Татог нураасан хүчтэй өрсөлдөгч болохыг мартаж болохгүй.
Мөн түүнчлэн БНСУ-аас хоёр тамирчин давхарлаж оролцуулж байгаа. Тэдний нэг болох 20 настай залуу хүчтэн Ли Жонван юм. Тэрээр энэ жил Улаанбаатар, Тбилисийн их дуулгуудад жингийнхээ бүхий л шилдгүүдийг нурааж түрүүлсэн юм.
Энэ жилээс Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай ДАШТ-д тав дахь удаагаа зодоглоно. Өмнө нь Ираны нэрийн өмнөөс ДАШТ-д зодоглохдоо нэг алт (2018), нэг хүрэл (2017) медаль хүртэж байсан ба 2021 оны ДАШТ-д Монгол улсын нэрийн өмнөөс зодоглон шагналт долоодугаар байранд шалгарч байлаа. Тэрээр он гарсаар Унгарын их дуулга, Загребийн гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол энэ сард Италийн Риккионийн Европын нээлттэй тэмцээнд зодоглон хүрэл медаль хүртээд байна.
Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -81кг жинд энэ жил 22 настай залуу мастер Б.Эрдэнэбаярыг сойж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.