"Дэлхийг өргөх хүчтэн" дахин дээд амжилт тогтоолоо
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дахин дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Казахстан улсын Алмата хотноо пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд болж өндөрлөлөө. Тус ДАШТ-д 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас МУГД Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ амжилт түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.