Н.Түвшинбаярыг гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал өнөөдөр болно

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болно. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. 

Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 10.1-2.1-т заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн”, 17.8-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1. Онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш улсын начин Э.Энхбатыг зодож, аминд нь хүрэх гэмтэл учруулсны сацуу Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийн “MGT mining LLC” компанийн албан өрөөний эд хогшлуудыг нь эвдэж, сүйтгэсэн нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.

Хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд таалал төгсөх хүртэл Н.Түвшинбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн яллагдагчаар тооцож байсан билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.