Аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хоёр ч компани, түүний албан тушаалтнуудад холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид шалгаж дуусжээ.
Тухайлбал, зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурдны зам” компанийнхан аж ахуйн нэгжүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдсон байна.
Уг хэрэгт тус компанийн захирал, Гавьяат барилгачин Ш.Бат-Энх болон эрх бүхий албан тушаалтан Г.Бямбасүрэн нарыг яллагдагчаар татсан аж.
Улмаар НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан”, мөн хуулийн 18.7-4-ийн “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ зөвхөн дээрх хоёр албан тушаалтнаар тогтохгүй “Хурдны зам” ХХК-ийг нь ч яллагдагчаар татсан аж. Тус компанийн захирал Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар байгуулахаар эл аж ахуйн нэгжийн эзэмшдэг талбайн тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдон олны анхааралд өртөж байсан нэгэн.
Дээрх компаниас гадна барилгын материалын худалдаа, засвар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрчим технологийн бөөний төв” ХХК 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш аж ахуйн нэгж байгууллагуудаас НӨАТ-ын хоосон бичилттэй падаан ашиглаж, бараа их хэмжээгээр худалдан авсан гэсэн тайлан татварын байгууллагад бүрдүүлэн өгч 157.8 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдсон байна. Тус компани болон удирдах албан тушаалтан М.Сосорбарам, Б.Мөнхзаяа, Б.Анхбаяр нарыг дээрхтэй ижил зүйл ангид зааснаар яллагдагчаар татсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удахгүй гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
НӨАТ чинь биш ТАТВАР юм чинь тэгнэ штээ ккк