Европын Холбооны Луйвартай тэмцэх алба Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен болон түүний намын хэд хэдэн гишүүнийг Европын Парламентын гишүүд байхдаа 620 мянган евро шамшигдуулсан хэрэгт буруутгаж байна.
Тодруулбал, Европын Парламентын эдгээр гишүүн ЕХ-ны хөрөнгийг үндэсний намдаа зориулж ашигласан гэж үзэж байгаа бөгөөд Луйвартай тэмцэх алба энэхүү тайлангаа өнгөрөгч 3 дугаар сард Францын мөрдөн байцаагчдад илгээсэн аж. Ле Пен нь 2004-2017 оны хооронд Европын Парламентын гишүүн байх хугацаандаа ЕХ-ны бараг 137 мянган еврогийн санхүүжилтийг хувийн зориулалтаар ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайлбал, Ле Пен Европын Парламентын туслахуудад хуваарилагдсан мөнгийг өөрийнхөө Үндэсний ралли намын ажилтнуудын цалинг санхүүжүүлэхэд ашигласан гэх хэргээр 2018 оноос хойш шалгагдаж байгаа билээ.
Түүнчлэн түүний аав Жан-Мари Ле Пен, хуучин хамтрагч Луис Алиот болон намынх нь нөлөө бүхий гишүүн Бруно Голлиш нар ЕХ-ны төсвийг зүй бусаар ашигласан гэж тайланд дурджээ. Парисын прокурорын газар одоо уг хавтаст хэргийг шалгаж байгаа бөгөөд холбогдох хүмүүс бүгд гэм буруугаа үгүйсгэсэн юм.
Гэвч энэхүү мэдээлэл Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатнаас долоо хоногийн өмнө ил болсон нь олны анхаарлыг татаж байна. Ле Пенийн өмгөөлөгч Родольф Босселут энэ талаар "Европын Луйвартай тэмцэх албаны үйл ажиллагаагаа явуулж буй байдалд сэтгэл дундуур байна. Тайлангийн зарим хэсэг нь бараг 10 гаруй жилийн өмнөх хуучин баримт байсан. Марин Ле Пен энэ бүхнийг эсэргүүцэж байгаа. Энэ бол ердөө заль мэх. Харамсалтай нь би үүнд гайхахгүй байна" гэж хэлжээ.
Хамгийн сүүлд хийсэн санал асуулгын дүнгээс харахад, ирэх долоо хоногт болох сонгуулийн хоёр дахь шатанд одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон 10 хувиар тэргүүлж, ялалт байгуулах магадлалтай байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.