СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-04-14

Багш шавийн гэрээ байгуулж, туршлагаа өвлүүлэх болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Залгамж” болон “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн нээлт өчигдөр /2022.04.13/  болов.

Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн үйл ажиллагааг нээж ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр хэлсэн үгэндээ:

“Манай үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн цогц хөтөлбөр хоёр дахь жилдээ ахисан түвшинд амжилттай хэрэгжиж байна. Юун түрүүнд та бүхэндээ Олон улсын Хүний нөөцийн ISO 30400 цогц стандартыг хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Энэ жил “Залгамж” хөтөлбөр нийт бүтцийн нэгжүүдэд хэрэгжинэ. Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан хүмүүсийн ажлын дадлага туршлага бол үнэт баялаг юм. Эдгээр ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, үнэт зүйлийг залуучуудад өвлүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд Монголын сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтран “Залгамж”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийг амжилтай хэрэгжүүлсэн. Эрдэнэт бол Хүний нөөцийн хөдөлгөөн тогтвортой үйлдвэрийн тоонд ордог. Гэвч жилд 300 гаруй шинэ ажилтан ажилд орж байх жишээтэй. Өнгөрөгч хоёр жилд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т 100 ажилтан хамрагдаж байсан. Энэ жил 92 ажилтан хамрагдана. Ингэснээр шинэ ажилтнуудаа Монгол Улсын баатар үйлдвэрийнхээ соёлд сургах, тогтвортой ажиллах хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс шинэ ажилтны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрөөр үйлдвэрт олон жил ажилласан туршлагатай ажилтнуудаас залуу ажилтнууд суралцах боломж олгоно.” хэмээн онцлов.

Дараа нь үйлдвэрийн удирдлагууд, бүтцийн нэгжийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд “Уурхайчдын залгамж үе үл тасарна” видео танилцуулгыг үзэж сонирхов. “Залгамж”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн ач холбогдол үр дүнгийн талаар Баяжуулах үйлдвэрийн болон Автотээврийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Тунгалагтамир, М.Үүрийнтуяа нар танилцуулсан юм.

Уг хөтөлбөрийн гол зорилгын нэг нь үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлогын хүрээнд одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд оршиж байна.

Мөн 100 ажилтны “Залгамж” хөтөлбөрөөс багш ажилтныг сонгож, залуу ажилтны төлөөллөөс шавь ажилтныг сонгон тэдний хоорондын харилцаа, хамтын ажлын уялдааг багш, шавийн гэрээ байгуулж баталгаажуулав.

Үйлдвэрийн ажилтнуудыг төлөөлж Баяжуулах үйлдвэрийн Тээрмийн машинч Ц.Ганзоригт, Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинч И.Чимэдцэрэн, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Хяналт, туршилтын хэсгийн хөвүүлэн баяжуулагч Н.Лхамбаяр нар шавь ажилтан Тээрмийн машинч О.Балжинням, насосны машинч Э.Мөнхжин, хөвүүлэн баяжуулагч Б.Хонгорзул нартай багш шавийн гэрээ байгуулан, батламжид гарын үсэг зурлаа.

Батламжийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш нар тэдэнд гардуулан баяр хүргэн баталгаажуулав. Энэ үеэр зарим багш, шавийн сэтгэгдлийг сонссон юм.

Багш ажилтан Баяжуулах үйлдвэрийн тээрмийн машинч Ц.Ганзоригт: Шавь нартаа би цагийн юмыг цагт нь хийхийг захидаг. Амьдралын зөв дадлыг өөртөө би болгохыг зөвлөдөг. Ахмад үеэ хүндэтгэн, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж яваарай гэж хэлдэг. Тэгэхээр эрүүл байж, өөртөө итгэлтэй, үнэнч шударга хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг.

Шавь ажилтан, тээрмийн машинч О.Балжинням: Миний аав “Эрдэнэт” сувиллын цогцолборт мэс заслын эмчээр ажилладаг. Аавтайгаа Эрдэнэт үйлдвэрт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Мөн туршлагатай хүний албан ёсны шавь боллоо. Багшаасаа их юм сурах байх. Миний ажил бол миний бахархал байх болно.

Багш ажилтан, насосны машинч И.Чимэдцэрэн: Миний бие үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн залууст ажиллах эрч хүч өгсөн арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Анх үйлдвэрт ажилд орохдоо Төмөрхуяг гэдэг хүний шавь болж ажиллаж байлаа. Энэ багшаасаа их зүйл сурсан. Шавьдаа ч сурсан мэдсэнээ харамгүй хэлж, зааж сургана.

Шавь ажилтан насосны машинч Э.Мөнхжин: Би багшийгаа өмнө нь таньдаг байсан. Тийм болохоор энэ хүнийг багшаараа сонгосон. Ажлын арвин их дадлага туршлагатай хүний шавь болсондоо сэтгэгдэл их өндөр байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ уурхайчдадаа ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ийнхүү “Залгамж”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрт хамрагдаж буй нийт ажилтнуудад хандаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ,

“Эрдэнэт үйлдвэр хамтарсан үйлдвэр байх үеэс багш, шавийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн түүхтэй. Энэ нь манай үйлдвэрийн уламжлалт үнэт зүйлийн нэг. Аливаа улс орон, албан байгууллага, айл гэрийн үйлс зорилго хүний харьцаан дээр явж байдаг. Эрдэнэт Монгол Улсын баатар үйлдвэр болоод хүмүүсийн харилцаа хандлага улам төгөлдөржиж байна. Одоогийн байдлаар үйлдвэрийн нэг ажилтан жилд 170 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Энэ бол та бидний хөдөлмөрийн том амжилт. Эрдэнэт үйлдвэр хүний хүч хөдөлмөрийн үр дүн дээр тогтдог. Иймээс уурхайчдынхаа эрүүл мэндийн төлөө, хүн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хүний төлөө ажиллах болно“ гэв.

Энэхүү хөтөлбөрийн төгсгөлд МУСТА, Ил уурхайн экскаваторын машинч М.Энхтогтох “Уурхайчин би” дуугаар ая дууны түрлэг өргөж, тэнд хуран цугласан хүмүүсийн сонорыг мялаав. “Залгамж” болон “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрт оролцогчид үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын Цахим музей үзэж, анхдагчдын хөшөөнд дурсгалын зураг татуулснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөж, хөтөлбөрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.