? LIVE: Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн биеэр шүүх хуралд оролцож байна
Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Өнөө өглөө 09:30 минутад яллагдагч Э.Бат-Үүл Цагдан хорих 461-р ангиас тус шүүх хуралд цахимаар оролцсон бол одоо өөрийн биеэр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор ирээд байна.
Учир нь, Э.Бат-Үүлийн ар гэр болон өмгөөлөгч А.Пүрэвдуламын зүгээс давж заалдах шатны хуралд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт тавьж, тухайн хүсэлтийг шүүх хүлээн авсан билээ.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын нэр бүхий хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон билээ. Гэвч тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж, заалдах шатны шүүхэд хандаж байгаа нь энэ юм.
Манай сурвалжлах баг үргэлжлүүлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадна жагсаж буй иргэдээс байр суурийг нь сонслоо.
Тухайлбал, ЧД-ийн 17-р хорооны иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох байсан ч Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн ажиллах хугацаа дууссанаас үүдэн дараагийн хотын дарга тухайн ажлыг хэрэгжүүлээгүй гэх байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "ЧД-ийн гэр хороололд амьдардаг 240 айл нэгдэн, цэвэр, бохирын усанд холбогдсон байртай болохоор төлөвлөж байсан. Эдгээрийн 96 айл өрхийн орон сууцанд орох гэрээ батлагдсан байсан. Гэтэл Э.Бат-Үүл ажлаа өгтөл дараагийн гарч ирсэн дарга нь тухайн шийдвэрийг цуцалчихсан. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулсан, хамгийн их бүтээн байгуулалт хийсэн хүнд ямар үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял өгсөн юм бэ. Өчнөөн идсэн дарга нар зүгээр өнгөрч байна. Түүнийг суллах шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.