Б.Батцэцэг: Хийн хоолой татах асуудал цаг хугацааны хувьд Украины дайнтай зэрэгцчихлээ
Засгийн газрын өнөөдрийн /2022.03.02/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Монгол-ОХУ хооронд байгуулсан байгалийн хийн хоолой татах төслийн судалгааны ажлын гэрээнд талууд гарын үсэг зурсан ажлын талаар тодрууллаа.
Уг төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул, судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурснаар манай улсаар дамжин БНХАУ-тай холбогдох газын хоолойн ажил эрчимжих юм. Гэвч ОХУ, Украйны асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж буй үеэр талууд гарын үсэг зурсан нь шүүмжлэл дагуулж буй. Мөн ОХУ ч энэхүү гэрээг үзэглэсэн явдлыг олон улсад эрчимжүүлэн цацаж буй нь улстөржилт буй болгож байна хэмээн олон улсын тоймчид дүгнэж байгаа.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
“Байгалийн хийн хоолойн төслийн асуудал шинэ асуудал биш. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан. Сая /2022.03.01/ төлөвлөгөөт ажлынхаа дагуу буюу төслийн дараагийн шатны судалгааны ажил эхлүүлэхээр хоёр тал гарын үсэг зурсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ руу айлчлах үеэр шийдвэр нь баталгаажсан. Өөрөөр хэлбэл, цаг үе нь зэрэгцэж таарсан болохоос хийн хоолой татах төсөл урьдчилан төлөвлөгдсөн байсан” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.