Баян-Өлгийчүүд АТГ-т хамгийн их гомдол гаргадаг

Авлигатай тэмцэх газарт иргэдийн гаргасан гомдлын дагуу төрийн албан хаагчийг шалгаж эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд аймгуудаас төрийн албан хаагчидтай холбоотой ирж буй өргөдөл гомдлын дийлэнхийг Баян-Өлгийчүүд эзэлсэн дүн гарчээ. 

Энэ талаар АТГ "Манай газарт ирдэг ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийн тэргүүн магнайд Баян-Өлгий аймаг ордог. Тухайлбал, 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарч байна" гэлээ. 

Өчигдөр /2022.02.21/ АТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Энхболд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзаж "Дахиж ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхад Засаг даргын хувьд Та анхаарч ажиллана уу" хэмээн хүсчээ. 

Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна

Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувийг хууль бус томилгоотой холбоотой болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоотой холбоотой асуудал болон төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Томилгоотой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Толбо, Цэнгэл, Баяннуур сумын иргэдээс түлхүү гомдол ирүүлжээ. 

new 267d72248ff6278aa51454ab2aaee4fb15ba6354

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.