ТЕГ: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуул хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан
“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТТБ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн.
Түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг, Энхтайвны гүүрний дэргэдэх “Наран плаза”-гийн гаднаас саатуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар зарим иргэн “Үндэсний үзэлтэй хүнийг саатууллаа, Ерөнхий сайдыг шүүмжилж бичсэний төлөө хорилоо. Айдастай, дарангуйлагч нийгэмд амьдарч байна” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар бид та бүхэнд мэдээлж байсан билээ.
Тэгвэл тагнуулын байгууллагынхан энэ асуудалд тайлбар өглөө. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хуулиар хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж байна. Болсон үйл явдалтай холбоотойгоор албан ёсны мэдээлэл хийх хүсэлтийн дагуу энэхүү мэдээллийг хийж байна. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан болно.
Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл тогтоогдсон. Өчигдөр /2022.02.17/ хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэх өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ
Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан бөгөөд өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Гэрээс нь их хэмжээний мөнгө, баримт илэрсэн бөгөөд эд мөрийн баримтын хамт хураан авсан.
Энэ төрлийн гэмт хэргийг тагнуулын байгууллагаас сүүлийн үед хэд хэдийг илрүүлсэн. Жишээ нь, Монгол Улсын иргэн Л нь мөн гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч үүрэг биелүүлж, мөнгөн урамшуулал удаа дараа авсныг илрүүлж шүүхэд шилжүүлсэн. 2002.02.08 нд ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 8 жилийн ял оноосон.
Мөн Монгол Улсын иргэн А,Б нар нь ижил нөхцлөөр ажилласан. Гадаадын тагнуулын нэр бүхий ажилтнууд манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэн байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.