СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-18

ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2021 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. 

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул уг асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д дараах зөвшилцөх саналыг өргөн мэдүүлжээ. Үүнд: 

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

-Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

-Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаарх зөвшилцөх саналын хүрээнд гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-С.Сарантогосоос тодруулах зүйл байна. БНСУ-аас манай улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил өнгөрч байна. Төрийн өндөр дээд албан тушаалнуудын хооронд яригдсан зээл тусламжууд ажил хэрэг болоогүй олон тохиолдол байдаг. Энэ нь манай талд байна уу, тус улсын талд байна уу? Элчин сайдаар томилогдсон тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэхэд яаж ажиллах вэ? Бусад улс оронд Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа эрхмүүд ч гэсэн миний энэ асуултанд хариулахыг хүсэж байна. Мөн Швейцар, Кувейт зэрэг нэлээд олон оронд суугаа Элчин сайд нарын ямар ажил хийснийг сайн мэдэлгүй өнгөрдөг. Өмнөх Элчин сайд нар нь ямар ажил хийж гүйцэтгээд эргүүлэн татагдаж байгааг ч сайн мэддэггүй. Гай болсон, гавьяа байгуулсныг нь ч мэдэхгүй нэг л мэдэхэд дараагийн хүн нь томилогддог. Томилогдох болохоороо олон сайхан юм яриад явдаг хэрнээ татагдах болохоороо чимээгүйхэн татагддаг. Миний ойлгосноор БНСУ-ын Элчин сайд ажилдаа хариуцлага хандсан учир эргүүлэн татагдаж байгаа гэж дуулдсан.

Элчин сайдад нэр дэвшигч Э.Сарантогос:

-Хөгжлийн хамтын ажиллагааны явцын талаар мэдээлэл өгье. БНСУ манай улсад жилдээ 4-5 сая орчим ам.долларын буцалтгүй тусламж, мөн түүнчлэн өнөөг хүртэл 700 сая ам.долларын  хэлэлцээрийг байгуулж, одоо 600 сая орчим ам.долларын төслүүд хэрэгжээд явж байгаа. Томоохон төслийг нэрлэвэл агаарын бохирдлыг шийдвэрлэх зорилготой 2019 онд Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэрээ шийдвэрлэсэн, хэрэгжүүлэхээр тохирсон "Солонго 1,2 хороолол" төсөл, цар тахлын үеэр энэ асуудал удааширсан ч эрчимжүүлэхээр ярилцаж байгаа арван аймгийн дулааны цахилгаан станц зэргийг дурдаж болно. Би Элчин сайдаар томилогдсон тохиолдолд "Экзем" банкны шугамаар манай улсад хэрэгжүүлж байгаа зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аль аль талаасаа асуудал яригддаг. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын төлөөллүүдтэй уулзана. Хоёр орны ашиг сонирхлын огтлолцлыг тогтоож, төвдөө мэдээлж хамтын ажиллагааг түлхэж ажиллах шаардлагатай гэж бодож байна

Элчин сайдад нэр дэвшигч Д.Гэрэлмаа:

-Швейцарын Холбооны Улстай гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллана. Мөн, Швейцарын Холбооны Улсын нийслэл Женев хотод 39 олон улсын байгууллага байдаг. Эдгээр олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэж бодож байгаа. Монголдоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж байгаа асуудалд Монгол улсынхаа байр суурийг илэрхийлэх, нэр хүндийг олон улсад өргөх зэрэг чиглэлд санаачилгатай ажиллана гэж бодож байна. Тэрбумаар хэмжигдэх мод тарих энэ санаачилгад олон улсын дэмжлэгийг авах чиглэлд идэвхтэй ажиллана. Мөн, Швейцарын Холбооны улсад Монгол улсын 2000 орчим иргэн ажиллаж амьдардаг. Тэр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зэргээр  шинэлэг байдлаар ажиллах бодолтой байна.

Элчин сайдад нэр дэвшигч П.Сэргэлэн:

-Монгол Кувейтын 1978 оноос эхлэлтэй. Найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Кувейт улс нь манай улсад зээл буцалтгүй тусламжын хэлбэрээр 78 сая долларын зээл олгосон, 17 орчим сая долларын  буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Түлэнхийн төвийн барилгын ажлын 8 сая ам.долларын асуудлыг шийдвэрлэсэн. Мөн, Өндөрхаан хотын нисэх онгоцны буудлыг барихад зориулж Кувейтын сангаас зээл олгосон. Ажил хэрэг болоод явж байна. Цаашдаа ХАА, экспортод бүтээгдэхүүн гаргах чиглэлд ажиллах боломжтой. Худалдааны эргэлт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Гадаад улс оронд Элчин сайдаар томилогдсон хүн иргэдийнхээ эрхийг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой гэж боддог. Иргэдийнхээ мэдээллийг хангалттай авч чаддаггүйгээс тэдний эрх ашиг зөрчигдөж байна. БНСУ-д болсон 13 настай охины асуудлаар ГХ-ны сайдаас асуулга тавьж мэдээлэл авсан. Хилийн чанадад ажиллаж амьдардаг иргэдэд туслах сан байдаг. 2014 оноос хойш 224 сая төгрөгийг авдаг. Энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ? 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Иргэдэд туслах сан 2011 оноос хойш ажиллаж эхэлсэн. Энэхүү төсөв жил бүр нэмэгдэггүй ч гадаад улс оронд амьдрах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган иргэн гадны 90 гаруй оронд ажиллаж амьдарч байна. Иргэдэд олон төрлийн асуудал тулгардаг. Нас бардаг, гэмт хэргийн золиос болдог, өвддөг, санхүүгийн бэрхшээл тулгардаг. Элчин сайдын яамандаа хүсэлтээ гаргасан иргэдийнхээ саналыг төвдөө бүртгээд нэн яаралтай тусламж шаардлагатай иргэддээ тусламжаа үзүүлэх тал дээр ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд тус сангийн зарцуулалт буруу байсан, олгох ёстой хүндээ олгогдоогүй гэсэн гомдол ирээгүй. Харьцангуй олон талаас нь судалж үздэг ажлын хэсэг байдаг. Жилд ойролцоогоор 40 хүнд тусламж хүрдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын нөлөөгөөр эх орондоо эргэж ирэх хүсэлтэй иргэдийн тоо 40 гаруй мянгад хүрсэн. Маш олон иргэдийн хүсэлт ирсэн, тус сангийн мөнгө хаанаа ч хүрээгүй. Бид олон улсын байгууллагаас мөнгө босгож гурван тэрбум төгрөгөөр иргэдээ эх оронд нь авчирсан. Цаашдаа иргэдэд туслах тус сангийн мөнгийг нэмэгдүүлэх саналаа жил бүр манай яамнаас гаргадаг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.