? LIVE: А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг бэлнээр авах, эсвэл дансанд хадгалах хүсэлтээ цахимаар гаргана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. Энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж, Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилэхээр болсон.
Энэ хүрээнд ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журмыг эцэслэн танилцуулан батлуулах юм. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдах болно. Хүүхдийн мөнгөө энэ оны долдугаар сарын 1-н хүртэл бэлнээр авах хүсэлтээ эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулна. Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд:
- www.ehalamj.mn цахим хуудас
- Ebarimt гар утасны аппликейшн
- Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
- Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ.
Хүлээн авах сонголт хийгдсэнээр хүүхдийн мөнгө одоо холбосон байгаа данс руу хийгдэнэ. Өөрийн хугацаатай хадгаламж руу холбуулах бол адил хүлээн авах хүсэлт илэрхийлнэ.
Цахимаар хүсэлтээ илэрхийлэх боломжгүй бол энэ сарын 20-нд банк дээрээ очин шууд бэлнээр авч болно. Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтээ илэрхийлээгүй бол банк болон дээрх цахим хэрэгслийг ашиглан нөхөж, авч болно.
Ер нь бол цаашид хүүхдийн мөнгийн 50 мянган төгрөгийг төрийн данс дээр нэрийн данс үүсгэн сар болгон хүү бодогдох байдлаар хадгална. Энэ хуримтлагдсан мөнгийг 18 нас хүрэхэд нь тухайн хүүхдэд олгох юм.
Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ данс нээх байдлаар хадгалдаг. Тэгвэл тэгэх шаардлагагүйгээр төрийн дансанд хүү бодогдож, хадгална гэсэн үг. Нэг бол 50 мянга төгрөгөө төрийн дансанд хадгалуулж, үлдсэн 50 мянган төгрөгөө хүүхдийн хадгаламжиндаа хадгалах сонголтыг эцэг, эхчүүд өөрсдийн сонголтоор хийж болно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.