Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэрийг гаргажээ. Н.Түвшинбаярыг цагдан хорих шийдвэрийг үргэлжлүүлэхээр болсон. 

Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. . Цаашид хохирлыг нөхөн төлнө. Түүний хувьд гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд санаа зовж байгаа. Хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.