МҮЭХ-ны удирдлагуудын албан өрөөнд нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Хууль сахиулагчид өчигдөр орой МҮЭХ-ны төв байран дахь тэдний албан өрөөнд прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримт, гэрээг нь хураан авсан байна. Мөн гэрт нь нэгжлэг хийхэд багагүй хэмжээний ам.доллар хураан авсан тухай мэдээлэл эх сурвалжууд өгөв. Тэднийг холбогдуулан шалгаж буй үйлдэл нь Баруун дөрвөн зам дахь МҮЭСТО-ы дэргэд барьсан “GEM палас” төвийн газрыг худалдсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. Тодруулбал, уг газрыг худалдан их хэмжээний буюу 600 сая орчим төгрөг завшиж үрэгдүүлсэн гэх гомдол АТГ-т ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн аж.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.