БОАЖ-ын сайд дангаараа 592 сая төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ
Үндэсний аудитын газраас 2021 оны дөрөвдүгээр сард БОАЖЯ-ны 2020 оны санхүүгийн тайланд аудит хийхэд зөвхөн сайд Н.Уртнасан 592 гаруй сая, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хэмжээнд нийт 15 тэрбум 509 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ.
Тухайлбал, БОАЖЯ-ны эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Агаарын бохирдлыг бууруулах ажлын алба 17.2 сая төгрөгөөр автомашин худалдан авсан боловч жолооч нь зам тээврийн осол гаргаж, “ашиглах боломжгүй” болгоод байхад буцаан төлүүлээгүй. Говь-Алтай аймгийн Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн УСУОШТ-ийн санхүүгийн тайланг баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээний барьцааны үлдэгдэл 214 сая төгрөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
ҮАГ-ын аудитын тайланд БОАЖ-ын сайд /Төсвийн ерөнхийлөн захирагч/ нийт 592.5 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасанд 295.6 сая төгрөгийн гурван албан шаардлага, 296.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх гурван зөвлөмж хүргүүлжээ.
БОАЖ-ын сайдын эрхэлсэн асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 15 тэрбум 509 сая төгрөгийн зөрчил дутагдал тус тус илэрсэн байна.
Сүүлийн үед Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна, тэр дундаа БОАЖ-ын сайд Н.Уртнасанг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар солино гэх мэдээлэл тархаад байгаа. Хувь хүний мэдлэг, боловсролгүй, бүдүүлэг авирын талаар багагүй зүйл олон нийтийн сүлжээнд үзэгдэж байгаа нь жижиг асуудал гэж үзэж болох ч Үндэсний аудитын газраас гаргасан “том” дүгнэлтийг анзаарахгүй өнгөрч боломгүй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.