НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж өөрт холбогдох хэргийг хялбаршуулж, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт тавьсныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан бөгөөд үүний дагуу хүсэлтээ НПГ-ын хяналтын прокурорт гаргасныг хянаад шүүхэд хүргүүлээд буй аж.
Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн хавар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд удалгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Шалгалтын хүрээнд АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн наймдугаар сарын эхээр гэрт нь нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол захирамж гаргаж Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорьсон билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, эд мөрийн баримтаар багагүй хэмжээний валют хураан авсан гэдэг.
Түүнчлэн бусдаас хахууль авч эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулж шийдвэрлүүлэхээр болсон гэх мэдээлэл ч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.