Монголоор дамжуулан 11 улс руу мөнгө угаах үйл ажиллагаа явуулсан гадаадын компанийг илрүүлжээ
Цагдаагийн ерөнхий газраас хар тамхи болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан их хэмжээний мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Аba plus гэдэг компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.2 хэсэгт зааснаар хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн компани 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекистан, Украин зэрэг нийт 13 улс орноос олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийтдээ 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авчээ.
Монгол Улсад тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс орон руу шилжүүлснийг мөрдөх ажиллагаагаар тогтоосон.
Дээрх үйл ажиллагаа нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэн тус компанийн шилжүүлэг хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөгийг 2020 оны нэгдүгээр сард битүүмжилжээ.
Барилгын материалын худалдаа хийх зорилгоор тус компанийг Латвийн иргэн 2018 онд үүсгэн байгуулж, Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн бөгөөд дээрх иргэн 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.