Манай гурван бөх олимпын медалийн төлөө барилдана

"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

 

Өнөөдөр хуваарийн дагуу чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн -53кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, -57кг жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул нар урамтай сайхан барилдаж медалийн төлөө барилдахаар шалгараад байна. 

Тодруулбал: ОУХМ Б.Хонгорзул дагах барилдаанд Гвинейн Фатоумата Камараг оноогоор (10:0) цэвэр яллаа. Ингэснээр манай бөх олимп, дэлхийн аварга АНУ-ын алдарт Хелен Марулистэй Улаанбаатарын цагаар 19:55 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Далайн орнуудын хошой аварга Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд Пан Америкийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег оноогоор цэвэр (13:3) ялснаар хагас шигшээд шалгарлаа. Б.Болортуяа хагас шигшээд Улаанбаатарын цагаар 17:30 минутаас дэлхийн хошой алт, хошой мөнгөн медальт Японы Майю Мүкадатай барилдана.

Эрэгтэйчүүдийн 125кг жинд ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 1/8 шигшээд залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Дианас Храманковыг 8:4 харьцаагаар, шөвгийн наймд Германы Геннадий Гудиновичийг 6:5-аар ялснаар хагас шигшээд шалгарлаа. М.Лхагвагэрэл Улаанбаатарын цагаар 17:20 цагт энэ жил Пан-Америкийн аварга болсон АНУ-ын Гэйбл Стивесонтой барилдана. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.