? LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж байгаа хүмүүсийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, Эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар боллоо.
- PCR оношлуурт 125 тэрбум төгрөг
- Төгсөх дамжааны оюутан, сайн дурын ажилтны цалинд 3,7 тэрбум төгрөг
- Нэмэлтээр 2000 орыг дэлгэхээр 115 тэрбум төгрөг
Мөн барилга угсралт, өргөтгөл хийх, тандалт судалгааны ажилд нэмэлт санхүүжилтийг олгохоор боллоо. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.
Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв "даахгүй" ч байж магадгүй.
Эмнэлгийн ажилтнуудын цалингийн асуудал яригдаж байгаа. Ингэхийн тулд эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тодорхой хэмжээний шинэчлэл хийсэн.
Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ.
Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн эмч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна.
Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна.
Цаашлаад ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байх үе байна.
Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт маш их санхүүжилт олгосон. Сүүлийн хоёр жилд 30 жилтэй тэнцэхүйц хөрөнгө зарцуулаад байна. Улсын төсөв ч адил ЭМС-ын санаачилгаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгье гэсэн санаачилга дээр үндэслэсэн.
Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбарынхан хэцүү нөхцөлд байна, гэхдээ тэд ийм юм яриагүй. Онцгой байдлын албан хаагчид бид яах вэ эмч нартаа гэж байна лээ. Би тэднээр бахархсан. Төсвийн тодотгол баталсан. УИХ-ын чуулган хаасан. Дахиж чуулган хуралдана гэж байхгүй.
Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно. Ийм үед бид нялцганаж болохгүй. Одоо энэ асуудлаа цэгцэл. Зөвшилцөлд хүр.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.