Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт зургаан сарын хорих ял оноожээ
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан очсон залуусыг дэглэж буй бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд олон нийтийн сүлжээнд байршиж, багагүй шуугиан тарьсан.
Улмаар тус бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сарын хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байна.
Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.
Харин өчигдөр тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн:
- Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн,
- Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.