Хонконгийн аюулгүйн хүчний дарга зөвшөөрөлгүй массажны газраас баригджээ

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан массажны газарт явуулсан тусгай ажиллагааны үеэр баригдаж, үүрэгт ажлаа орхисон байна. Эх сурвалжуудад мэдээлснээр уг цагдаагийн өндөр албан тушаалтан нь Хонконг дахь Аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга Фредерик Чой ажээ.

Зөвшөөрөлгүй массажны газарт очих нь хүнд ялтай гэмт хэрэг биш боловч цагдаагийн хүчний нэр хүндийг сэвтээж болзошгүй үйлдэл юм байна. Хонконгт ардчиллыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш эх газрын Хятадын Засгийн газраас Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль баталж, тус хотод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрыг байгуулан хуулийн хэрэгжилтийг гүйцэтгэх болсон юм. Энэ цагаас хойш анх удаа аюулгүй байдлыг хамгаалах цагдаагийн хүчин томоохон хэл ам, шуугианд орооцолдож байна.

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш шинэ хуулийн хүрээнд ардчиллыг дэмждэг 100 гаруй нэр алдартай тэмцэгчийг барьж саатуулан, хуулийн хэрэгжилтийг гүйцэтгээд байна.

Хятадын Засгийн газар уг хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлж байгаа ба Фредерик Чой албан үүргээсээ чөлөөлөгдсөн хэвээр байгаа гэжээ. .

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга Чой нь 1995 онд цагдаагийн мөрдөгч болж, улмаар өнгөрсөн жилийн долдугаар сард Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга, тэргүүн дэд комиссарын албан тушаалд томилогджээ. Энэ жилийн хоёрдугаар сард Хонконгийн удирдагч Кэрри Лам цагдаагийн долоон алба хаагчийг аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хүндэтгэн шагнасны нэг нь Чой байжээ. Түүнийг ирээдүйд цагдаагийн хүчнийг бүрэн удирдах чадвартай хэмээн үнэлж байсан юм.

 118469456 5

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.