СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-10

LIVE: УИХ дахь АН-ын бүлэг Сүхбаатарын талбайд хуралдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдлаа. Тэд өнөөдөр зургаа дахь өдрөө өлсгөлөнгийн суултаа үргэлжлүүлж байгаа билээ. Бүлгийн гишүүд хуралдах үеэр тэднийг дэмжихээр ирсэн дүүрэг болон зарим аймаг, сумын гишүүд, дэмжигчид нь эргэн тойронд нь сууж байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн Д.Энхсайхан: “Бид өнөөдөр хүч нэмэн, хамт өлсгөлөн зарлахаар ирээд байна. Энэ цаг үед мафийн засаглал, дотоодын дайснууд хүчээ авч байна. Тэднийг иргэд бид яаралтай дарж авахгүй бол цаашид манай улсын тусгаар тогтнолын хувь заяанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчихаад байхад ийм зүйл болж байна. СЕХ, Үндсэн хуулийн цэц, аудит гээд бүх төрийн байгууллага МАН-ын доор байна. ” гэв.

Залуучуудын төлөөлөл н.Төгсбаяр: “Шударга бус зүйлийг зүгээр хараад сууж болохгүй. Үр дүн гарсан гараагүй үзэл бодлоо илэрхийлээд, эцсийг хүртэл сууна. Бид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, санал нийлэхгүй, бууж өгөхгүй” гэсэн юм.

УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат: “АН-ын бүлгийн ээлжит хурал боллоо. Манай гишүүд нэг намын дарангуйллын эсрэг тэмцэн, зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаад сууж байна.

Чуулган дээр бидний хэлэх үгийг хааж, боож байна. Өнгөрсөн баасан гарагт чуулган хуралдаагүй, Ерөнхий сайд амласан ёсоороо ирж, бидэнд мэдээлэл өгсөнгүй. Аргагүй эрхэнд бид талбай дээрээ хуралдлаа.

Залуу коммунистууд орж ирээд, эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй болсон. Биднийг бараг ордонд оруулахгүй ч байж магадгүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.

УИХ-ын дэд дарга C.Одонтуяа: “Засгийн газар 100 дахь хоногоо 170 хүний амь насаар угтаж байна. Эдгээр иргэдийн амь нас хохирсон явдал УОК-ын буруу шийдвэрийн улмаас үүссэн гэж үзэж байна.

Коронавирусээр шалтаглаж бүх зүйлийг өөрсдөө дур мэдэж зарцуулдаг хуультай болсон. 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулсан.

Өнөөдөр ийм цөөхөн хүн амтай улсад ийм их мөнгийг зарцуулчхаад цар тахлыг хяналтдаа авч чадаагүй байгаа нь Засгийн газрын үйл ажиллагааны шившиг” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан. Гэтэл энэхүү хоригийг огт тоолгүйгээр, нэр дэвшигчийг бүртгэсэн явдал бол хууль зөрчсөн хэрэг.

АН-ын бланк ашиглаад, дугаар өгөөд, хуучин дарга С.Эрдэнэ гарын үсэг зураад, тамгагүй албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Тамгагүй албан бичиг гэж байхгүй. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан ажлын хэсэг нь ч байгуулагдаагүй. Бидэнд “Та хэд буучихаач ээ, больчихооч ээ” л гэж хэлдэг. Өөр бусад юм ярихгүй байгаа.

Хуульд заасан тэмцлийн дээд хэлбэрийг сонгоод л, өлсөж байна.

Эмч нар өдөрт хоёр удаа ирж, бидний биеийн байдлыг үзэж байгаа. Хардаж, харлуулж байгаа хүмүүс ирээд, хяналтаа тавина биз. А.Адьяасүрэн гишүүн эмч нарын шаардлагаар буусан. Харин бусад нь эмнэлгийн үйлчилгээ аваагүй, үзлэгтээ ороод байж байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.