Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдлийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж эхлэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн сарын 31-нд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, тэдний зургаагийнх нь гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж дүгнэсэн билээ.

Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцсон юм. Тэднийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж үзсэн билээ.

. Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Тодруулбал, эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасныг үндэслэн ийнхүү дүгнэлт бичсэн аж.

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн Улсын ерөнхий прокурорын дүгнэлтийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4-2-т заасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана”, 41.4-3 дахь хэсэгт “Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ”, 41.4-4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, эсвэл прокурорт буцаах шийдвэр гаргана” хэмээн заасныг үндэслэн хариу гаргах юм. .
Үүнээс гадна талийгаач С.Зоригийн ах С.Баяраа, дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун нар мэдэгдэл гаргаж, “Хэргийг нууцаас гаргасан нь зөв, зүйтэй алхам, уг хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг” хэмээгээд буй билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.