Г.Солтаныг зүрхний өвчин нь хүндэрсэн гэх шалтгаанаар Ерөнхийлөгч уучилжээ
УИХ-ын гишүүн асан Г.Солтан ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээлийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан авсан гэх хэрэгт буруутгагдан гурван жилийн хорих ялаар шийтгүүлж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 421-р ангид ял эдэлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр суллагджээ.
ЖДҮХС-аас зээл авсан хэргээр ял шийтгүүлсэн Г.Солтаны эхнэр Б.Алтанчимэг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад
“... Миний хань Г.Солтан нь 2016-2020 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ ЖДҮХС-аас хөнгөлттэй зээл авсан хэргээр буруутган шүүхээс ял шийтгүүлсэн. Бид гэм буруугаа хүлээж, ЖДҮХС-аас авсан 950 сая төгрөгийн зээлийг таван сарын дотор тус санд бүрэн эргүүлэн төлсний зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 7,880,500 төгрөгийн торгуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр төлж улсыг хохиролгүй болгосон.
Г.Солтан нь 40 гаруй жил улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, УИХ-ын гишүүн болтлоо өсөж дэвжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа зөрчил шийтгэл гаргаж байгаагүй. Миний хань өдгөө 64 настай бөгөөд зүрх судасны артерын даралтын архаг хууч өвчтэй учраас эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Эрхэм Ерөнхийлөгч та түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм хохирлоо бүрэн барагдуулсан, мөн эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байгаа, өндөр настай зэргийг харгалзан үзэж Ерөнхийлөгчийн өршөөлдөө хамруулан, уучлал үзүүлээч” гэдэг хүсэлт гаргаж байжээ.
Г.Солтаны эхнэрийн уг хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга хангаж, Наурызын баярыг тохиолдуулан уучилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.