LIVE: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам нар УЕП Б.Жаргалсайхантай уулзжээ
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням нар өнөөдөр УЕП Б.Жаргалсайхантай уулзлаа.
ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх хэрэг болон өмгөөлөгч Б.Баасанцогтоос хууль, хяналтын байгууллагын ажилтнууд руу мөнгө шилжүүлсэн мэдээллийг шалгаж, бодит мэдээлэл өгөхийг хүсжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Өмгөөлөгч Б.Баасанцогт нь шүүхийн системд нөлөөлдөг, авлига өгдөг байж болзошгүй баримтууд гарч ирсэн. Иймд бид УЕП Б.Жаргалсайхантай уулзаж, ард түмэнд үнэн, мөнийг нь тогтоож өг. Жирийн иргэдийг хэлмэгдүүлдэг байж болзошгүй байна гэж уулзлаа. Хоёрдугаар сарын 23-нд Баянзүрх дүүрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Гуравдугаар сарын 17-нд АТГ руу шилжсэн гэсэн мэдээллийг өглөө.
Мөн, ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас их хэмжээний валют /20 сая ам.доллар/ оруулж ирсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг бас шалгаж, мэдээлэх хэрэгтэй. Хууль зүйн сайд өнөөдөр хариу өгөх байх. ТЕГ болон АТГ-аас мэдээлэл өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүн хууль, хяналтын байгууллагын хүмүүстэй хамтран ажилладаг, тусгай уулзалт хийдэг байсан баримт гарч ирсэн. Манай ажлын хэсэгт прокурорын байгууллагатай холбоотой маш их өргөдөл, гомдол ирж байгаа. Цаашдаа ч иргэдийг бидэнд хандахыг хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Шүүхийн нэр хүнд унаж байна гэж сая асуулаа. Монгол улсад 520 шүүгч, 570 прокурор ажилладаг. Шударгаар ажиллаж байгаа хүмүүсийн талаар өнөөдөр бид ярьсангүй. Гэтэл шүүх болон прокурорын нэр хүндийг унагаж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл байна. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг. Унаад байгаа шүүх, прокурорын нэр хүндийг сэргээхийн төлөө бид явж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-УИХ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. УЕП дээр бас нэг ажлын хэсэг гараад ажиллаж байна. Бидэнд мэдээлэл өгч, хамтран ажиллана гэж сая ярилаа. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ УИХ-д танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.