СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-21

Сансрын нисэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одон гардуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол  ирэх даваа гарагт болно.

Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” анхны хиймэл дагуулыг 1957 оны 10 дугаар сарын 04-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны 04 дүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн байдаг.

Тухайлбал, 1967 оны “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”, 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”, 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц”-ууд юм.

ЗХУ 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын "Интеркосмос" хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан юм.

Ингэснээр

Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан зохион байгуулах “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн ирэх даваа гарагийн 16.00 цагаас “Русский Дом” (хуучнаар ОШУСТ)-д болно

Уг үзэсгэлэнд Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн архив, Монголын талаас БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй Монгол Улсын сансрын нисэгчийн баг, Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэн, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Зайнаас тандах судлал, орон зайн загварчлалын салбар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн; Монголын Үндэсний музей, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БХЯ-ны Монгол цэргийн музей, Монгол Улсын Их сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори, Монголын сансрын технологийн холбоо, Сансрын салбар дахь стартап Mars-V төсөл, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Нисэх загвар” зохион бүтээх дугуйлан, Монголын залуу зохион бүтээгчдийн холбоо, Монголын аеронавтикийн холбоо зэрэг байгууллага болон “Монгол Шуудан” ХХК, Монголын филателистуудын холбооны хувь хүмүүс оролцох ажээ.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов гардуулах юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.