ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр 10.00 цагаас ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн зургаан хүнийг хүн тус бүрээр нь хэлэлцэх байсан ч хойшиллоо.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 10-аас 2021 оны нэгдүгээр сарын 09-ний хооронд Хууль зүйн байнгын хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд Б.Өнөрмаа, Х.Болдмандал, Ч.Отгончулуун, Ц.Баттуяа, П.Хишигбаяр, Я.Цэлмэн гэх зургаан хүн л материалаа ирүүлсэн байна.
Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх зургаан нэр дэвшигч ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд тавигдах хуульд заасан шаардлага шалгуурыг хангаж чадах эсэхийг нэг бүрчлэн хэлэлцээд хангаж байна хэмээн үзсэн тохиолдолд нээлттэй сонсголд оролцуулах шийдвэр гаргах юм.
Комиссын тухай хууль заасны дагуу ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч нь 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой бөгөөд хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай байх ёстой. Мөн сүүлийн зургаан жилийн хугацаанд улстөрийн намд элсээгүй, намын аппарат, удирдах албан тушаалд ажиллаагүй байх шаардлагатай.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн зургаан нэр дэвшигчийг товч танилцуулъя.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа
Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Бямбажавын Өнөрмаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр цөөнгүй өгүүлэл, нийтлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Х.Болдмандал
Х.Болдмандал нь Төв аймаг Батсүмбэр суманд 1972 онд төрсөн. 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүл хамгаалалтын газар, "Намнан трейд" ХХК-ийн захирал, Баянгол дүүргийн ЗДТГазарт мэргэжилтэн, Хуулийн зөвлөх, ХЗДХЯ ахлах мэргэжилтэн, БОАЖЯ, Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын газар Орлогч дарга, МШХХТГазар Тамгын газрын дарга, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн, Дэд дарга, Дарга, УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай улстөрч юм.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун
Чадраабалын Отгончулуун 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, ЗГХЭГ-Удирдлагын академид 2006 онд Төрийн захиргааны менежментийн магистрийн зэргийг тус тус хамгаалсан. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, ОБЕГ-т албаны дарга, УЕП-ын Дэргэдэх мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ХЭҮК-т референтээр ажиллаж байсан. Эрүү шүүлтийн эсрэг, тэр тусмаа тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах чиглэлээр ажиллаж байсан туршлагаараа бусдаасаа илүү.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ц.Баттуяа
Нэр дэвшигч Ц.Баттуяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүй ч мэргэжлээр дүүргэсэн. Цагдаагийн Ерөнхий газарт хуульч, ХЗДХЯ-нд мэргэжилтэн, БНПУ-ын парламентад дадлагажигч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн удирдагч, Шүүхийн ерөнхий зөвлөлд референтээр тус тус ажиллаж байгаад ШИНЭ намын дэд дарга болсон. 2020 оны УИХ-ын 23-р тойрогт ШИНЭ намаас нэр дэвшиж байсан.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч П.Хишигбаяр
Нэр дэвшигч Д.Хишигбаяр нь эрх зүйн ухааны баклавр, хэл шинжлэлийн ухааны доктор зэрэгтэй. МУИС-ын Ховд дахь салбар сургуульд багш, өмгөөлөгч, Хууль зүйн Үндэсний хүрээлэнд судлаач, УИХ-ын Тамгын Газарт зөвлөх, УБТЗ ХНН-т даргын хуулийн зөвлөх, Сургалт судалгаа, хөгжлийн хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар бусдад эрүү шүүлт тулгасан хэргийг судалж байсан. Эрүү шүүлт тулгасан хэргийг шалгах чиг үүрэгтэй УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэн ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшжээ. Хууль сахиулахын их сургуулийн шилдэг багшаар шалгарч байсан. Гэмт хэргийн нотолгооны эрх зүй хэмээх номыг бичиж байсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.