Оюутолгойн уурхайд хоёр хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой уурхайд кемпэд сүүлийн 14 хоногийн дотор хоёр хүн нас барлаа гэдэг харамсалтай мэдээ ирлээ.

Талийгаачдын нэг нь өчигдөр нас барсан байна. Уг мэдээллийн дагуу тус уурхай руу холбогдож юуны учраас тус уурхайн ажилтан нас барсныг тодруулахад “Манай кемпэд байрлан ажиллаж байсан хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Бид тухайн ажилтныхаа ар гэрийнхэнтэй  холбогдож уй гашуудлыг хуваалцах, энд байрлан ажиллаж буй хүмүүсийнхээ сэтгэл санааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Уг хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа тул үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Тус уурхайд ажилладаг эх сурвалжийн өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор тус уурхайн ажилтнууд гэртээ харих боломжгүйд хүрч, удаан хугацаанд ажилласнаас үүдэн сэтгэл санаагаар унах, гэр бүлээ санах зэрэг хүндрэл гарч байгаа. Тиймээс л өөрийнхөө амийг егүүтгэсэн байх гэв.

Уг хэргийг ЦЕГ-аас тодруулахад “Өчигдөр Оюутолгойн уурхайд 45 настай, эрэгтэй өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан хэрэг бүртгэгдсэн. Уг хэргийг шалгаж байгаа. Түүний өмнөхөн нас барсан иргэний хувьд өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.