Иргэн Ж.Одгэрэл: 103 төвийн эмч нар намайг эмнэлэгт хүргэлгүй бүтэн 5 цаг гэрт ноцолдсон
Түргэн тусламжийн 103 төвийн дуудлагын эмч астматай иргэнд буруу тариа хийснээс болж тухайн иргэн цочролд орж, цусан хангамжийн дутагдалд орсон талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг асуудлаар манай сурвалжлагч тухайн иргэнтэй уулзаж, болсон явдлыг тодрууллаа.
Иргэн Ж.Одгэрэл:
-2020 оны 12 дугаар сарын 5-ны шөнийн 01:50 цагт манай аав 103 төвд "Манай охины харшил нь хөдөлж, хүндрэл өгсөн" гэж дуудлага өгсөн. Эмч ирээд астманы тариа хийсэн. Гэвч уг тариа нь астманы тариа биш байсан. Би тэр даруйд реакци өгч ухаан алдаж унасан.
-Эмч уг үйлдлээ юу гэж тайлбарласан бэ?
-Өнгө нь ижил болохоор андуураад хийсэн гэсэн тайлбарыг өгсөн. Лидокайн гэх уг тариа судсанд бус булчинд хийдэг тариа юм билээ. Хэрвээ судсанд хийвэл зүрх хаагдах аюултай. Зүрх болон тархинд цусан хангамжийн дутагдал үүсгэж цус харвалт өгөх урвал үзүүлдэг. Би ухаан алдсан. Намайг ийм байдалд ороход тэр их эмч их айсан гэсэн. 103 төв рүүгээ яриад би ингэчихлээ яах вэ гээд зөвлөгөө авсан. 103 төвөөс хоёр эмч ар араасаа ирсэн.
Намайг шууд эмнэлэг авч яваагүй. Ойролцоох эмнэлэгт хүргэх байтал манай гэрт 01:00 цагаас 05:00 цаг хүртэл ноцолдсон. Анхны тусламж үзүүлэхээсээ илүү лидокайн гэх тарианы эсрэг хийх зүйл байхгүй гээд даралтыг маань буулгах гээд баахан эмчилгээ хийсэн. Миний даралт 100-тай байдаг байтал 150 болж огцом өссөн. Зүрхний цохилт 70-тай байдаг байтал 118 болж өссөн. Буухгүй байсан.
Маш их хэцүү байдалд байсан болохоор би өөрөө сайн санахгүй байна. Валидол гэх мэт зүрхний шигдээс үүсэхээс сэргийлсэн эм өгсөн гэсэн. Өөр бас зөндөө тариа хийсэн гэсэн. Хоёр гар маань битүү эрээн алаг болсон.
Ээж, аав хоёр маань цагдаа дуудсан. Үүний дараа үүрийн 05:00 цагт БЗД-ийн яаралтай түргэн тусламж дээр аваачсан. Яаралтай шинжилгээнүүд хийлгэ, энэ том шинжилгээнүүдийг БЗД-ийн эмнэлэгт хийхгүй, 3-р эмнэлэгт хийлгэ гэсэн. Зүрх тархи аль алиндаа гэмтэл авсан байх магадлалтай учраас төлбөр төлж хийлгэх юм билээ. Заавал хийлгэх шаардлагатай гэсэн.
-Одоо таны биеийн байдал ямар байна?
-Одоог хүртэл манарсан байдалтай байна. Орж гараад барьсан тавьснаа мэдэхгүй. Толгой маш хүчтэй өвдөнө, зүрх өвдөнө. Астманы хяналтын эмч маань андуурч хийсэн тариаг судсаар биш булчинд хийдэг гэдгийг надад хэлсэн.
-Эмч нартай дахиж уулзсан уу?
-Уулзаагүй. Төвийнх нь дарга нь өнөөдөр өглөө намайг уулзья гэсэн. Чанарын албаны дарга н.Мөнхцэцэгээр дамжуулж Пүрэвдаш гэдэг хүн уулзсан. Манай ажилчдын 100 хувийн буруу. Бид чамайг эмчлүүлж өгнө. Шаардлагатай шинжилгээ хийлгэе гэсэн. Харамсаж байна, хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн.
-Эмч нар эд мөрийн баримтаа устгахыг оролдож байгаад цагдаагийн албан хаагч нарт баригдсан гэсэн?
-Хэрэг нь шалгагдаж байгаа учраас хамаагүй юм бүү ярь гэсэн. Тухайн үед хийсэн тариа, эм гэх мэтийг нотлох баримт болгож хурааж авсан. Шүүх эмнэлэгээр дүгнэлт гарах гээд явж байгаа учраас илүү мэдээлэл өгч болохгүй байна.
Өмгөөлөгч Э.Баттогтох:
Миний үйлчлүүлэгч буруу эмчилгээ хийлгэсний улмаас биеийн байдал муудсан гэсэн үндэслэлээр эрхзүйн туслалцаа авах гээд надад хандсан.
2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай шинэчлэн найруулсан хууль батлагдсан. Зорилго нь: Эмнэлгийн тусламж үзүүлэх эрх бүхий этгээд нь мэргэшсэн буюу сургагдсан баг хамт олныг хэлнэ гэдэг. Хүн амд эмчилгээ үзүүлэх явцдаа ямар нэг хууль зөрчсөн байвал эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэнэ гэж заасан.
Манай үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар ЭХ-ийн тусгай ангийн 15-ын нэгд заасан нөхцөл үүсээд байна. 15-ын хоёрт юу гэж заасан байдаг вэ гэвэл "Эмнэлэгийн ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлчлүүлэгчид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол учирсан хохирлыг барагдуулах, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 5,4 сая төгрөгийн торгууль болон 3 жил хүртэл хорих хугацаатай" гэж заасан.
Миний үйлчлүүлэгч ухаан алдаж унасан гэсэн. Энэ бол хүнд гэмтэл болно. Тэр эмч Эрүүгийн хуулийн 15-ын хоёрт заасан зүйл ангиар шийтгэгдэх учиртай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.