Монгол, Хятадын парламентчид цахимаар уулзав

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.

.

Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусний цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.


УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ.

23c5d016 df65 4eb5 890a 23d5a915296a

Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна. Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байна гэв. Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

e3581823 c035 40a7 af8d 8be89d603105

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.

426e8900 c032 4213 9f52 4403fa7f257f

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,

Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

d767a8b1 0506 4e7a b3d5 04598d8f3081

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

d4075e86 de2f 4280 bad9 58f7f10fbdf9

Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

a97dc32d 6660 4355 ac1a 85150eea2108

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.