Шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар прокуроруудыг доромжлов уу
БНХАУ-ын 800 гаруй иргэн манай улсын нутаг дэвсгэрт, гурван зочид буудалд хуваагдан байрлаж гар утас, сүлжээний төхөөрөмж, компьютер ашиглан мөнгө угаах, залилан хийх гэмт хэргийг үйлдэж байхад нь Монгол Улсын цагдаа, тагнуул, тусгай хүчний хамтарсан баг өнгөрсөн жил үйлдэл дээр нь илрүүлсэн билээ.
Уг хэргийг манай цагдаа, тагнуулынхан шалгаад гол зохион байгуулагч Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас тусгаарлан үлдээж, бусад хятадуудыг БНХАУ-ын хууль шүүхийн байгууллагад шилжүүлэн өгч байв.
Ингээд гол толгойлогч нарт Эрүүгийн хуулийн 18.6-3, 17.3-3.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ял шийтгэл оноох саналтайгаар шүүхэд шилжүүлтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар хянан хэлэлцээд хэзээ ч биелэх боломжгүй даалгавар өгч нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Хэзээ ч биелэх боломжгүй хэмээн тодотгосны учир нь “албадан буцаасан 800 хүний нэгийг нь буцаан авчирч, түүнээс тайлбар мэдүүлэг авсны чинь дараа л дээрх хүмүүст ял шийтгэл онооно” хэмээн шүүхийн шийдвэртээ зааж өгсөн нь прокуроруудыг доромжилсон үйлдэл боллоо хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.
Дэлхийн бүх улс орон өөрийнхөө иргэдийг гадаадын улс орон руу ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй гэх хуультай байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд ч гэсэн яг ийм зүйл заалт бий. Тийм атал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нар ийм сонин шийдвэр гаргасан нь Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарыг ял завшихад хүргэж, прокуроруудыг доромжилсон үйлдэл боллоо хэмээн эх сурвалж хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.