Коронавируст цар тахлын үеийн хөл хорио эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг дагуулсан ч дэлхийн тэрбумтнуудын хувьд эсрэгээрээ нөлөөлжээ. Швейцарийн UBS банкны хийсэн судалгаагаар энэ жилийн 4-7 дугаар саруудад дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 10 их наяд ам.долларт хүрч, 27,5 хувиар өссөн байна.
Дэлхийн хэмжээнд 2017 онд 2,158 тэрбумтан бүртгэгдэж, хөрөнгийн хэмжээ нь 8,9 их наяд ам.долларт хүрсэн байжээ. Харин энэ жил тэрбумтнуудын тоо 2,189 болон нэмэгдэж, хөрөнгийн хэмжээ нь 10,2 их наяд ам.доллар болжээ.
Дэлхийн нэг хэсэгт иргэд ажлаа алдаж, ядуусын эгнээнд шилжиж байхад тэрбумтнууд хөрөнгийн биржээс ашиг орлогоо нэмэгдүүлсээр байна. UBS банкны хэлтсийн дарга Жозеф Стэдлерийн хэлснээр хөрөнгийн биржийн ханш цар тахлын үед буурахад дэлхийн хэт чинээлэг эрхмүүд хангалттай нөөц бололцоотой байсан тул тэдгээр компаниудын хувьцааг нэмж худалдаж авсаар байжээ.
Цар тахлын үед хөрөнгийн бирж дээр компаниудын хувьцааны ханш огцом буурч байхад технологийн компаниудын хувьцаа хурдацтай өсчээ. Дэлхийн хамгийн баян эрхэм цахим худалдааны сүлжээ Амазон-ы гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө энэ жил 74 тэрбум ам.доллараар өсч 189 тэрбум болсон. Харин Tesla цахилгаан автомашины компанийг үүсгэн байгуулагч Элон Маскийн хөрөнгө энэ жил хамгийн их буюу 76 тэрбум ам.доллараар нэмэгдэж 103 тэрбум болжээ.
Судалгаагаар энэ жилийн 3-6 дугаар сар буюу коронавирус эрчимтэй тархаж байсан хугацаанд 209 тэрбумтан эрхэм 7,2 тэрбум ам.долларыг цар тахалтай тэмцэх, хөл хорионд орсон гэр бүлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зориулан хандивлажээ. Тухайлбал АНУ-ын 98 тэрбумтан коронавирусийн эсрэг 4,5 тэрбум ам.доллар хандивласан бол Хятадын 12 тэрбумтан 679 сая, Австралийн хоёр тэрбумтан 324 сая доллар хандивласан байхад Их Британийн есөн тэрбумтан нийлээд 298 сая ам.долларын хандив өгсөн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.