LIVE: 857,491 иргэний дансанд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг орсон
"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
"Эрдэнэс Таван Толгой" ХК-аас 2512768 иргэн, 486 аж ахуйн нэгжийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлээд байгаа билээ.
Ингээд “Эрдэнэс Таван Толгой” ХХК 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум төгрөг, 2020 оны наймдугаар сарын 6-нд 40 тэрбум, 2020 оны наймдугаар сарын 25-нд 79.8 тэрбум төгрөгийг манай төвд төвлөрүүлснээр иргэдийн ногдол ашгийг хуваарилах ажил эхэлж байна.
Өнөөдрийн байдлаар 1 сая 883 мянган иргэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны данстай. Иргэдийн хувьд өмнө хувьцааны данс нээлгэх үеэрээ өөрийн эзэмшлийн арилжааны банкны дансаа бичиж өгсөн ч зарим тохиолдолд ашиглахгүй удсан, данс нь хаагдсан гэх мэт тохиолдол байгаа тул иргэдийг үнэт цааны компаниуддаа хандан банкны дансаа баталгаажуулахыг зөвлөсөн. Ингээд 1 сая 178 мянган иргэний арилжааны банкны дансны мэдээлэл Үнэт цаасны компаниудаас хүлээж авсан. Ингээд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Хаан банктай мэдээлэл солилцох гэрээний дагуу яг баталгаатай данс мөн эсэхийг шалгасан.
Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулалт хийснээр 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүллээ.
Иргэн та хувьцааны дансаа нээлгэсэн ч таны мөнгө ороогүй бол тухайн Үнэт цаасны компанидаа хандан банкны дансаа баталгаажуулах хэрэгтэй гэдгийг дахин зөвлөмөөр байна.
1,072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1,072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.
Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байвал дараах байдлаар хишиг хувь хүртсэн байх нь.
Зарим иргэдийн хувьд хувьцааны дансаа нээлгэх боломжгүй байгаа эдгээр иргэдээс И-баримтаараа дамжуулан ногдол ашгаа авах эсэхийг асуухаар болсон. Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй. Үүнээс өмнө төрсөн хүүхдүүд дансаа нээлгээгүй хүүхдийн мөнгө олгодог данс руу нь хийхээс гадна эцэг, эх нь данс нээлгэж болно.
Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлана уу.
-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?
- 1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.
- 964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.
- 857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
- 750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
- 527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.
- 544ш хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.
- 536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.