УИХ-ын гишүүн, хотын дарга асан нарын холбогдох хэргийн шүүх хурлын тов
Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 10-ны өдөр болно
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургадугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Б.Ундармаад холбогдох шүүх хурал долдугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагт товлогдсон ч Б.Ундармаа шинэ өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Шүүх хурлыг наймдугаар сарын 10-ны 09:00 цагт хийхээр болжээ.
Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 12-нд болно
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 12-нд 10.00 цагт болно. Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.
Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байна
Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 17-нд 10:00 цагт болохоор тогтжээ. Өнөөдрийн байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт дөрвөн удаа хойшилсон байна.
Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг шүүх юм.
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 27-нд болно
Түүнийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ хэргээр шалгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт зургаан удаа хойшилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.