Б.Отгонбаатарын биеийн байдлыг эс харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсээр байна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилсээр байна. Шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдал эрс муудаж, дөнгөж сая түргэн тусламжийн машин ирлээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хамаарал бүхий компанидаа өгсөн хэмээн буруутгаж буй. Анх түүнийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн компанид уг газрыг шилжүүлэн өгсөн гэж буруутгаж байсан ч хэрэг хэлэлцэх явцад уг асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн тул хэргээс хасагдсан бололтой.
Сүүлд, одоо шүүгдэж буй Б.Отгонбаатарын "Азаргын гол чонот" гэх ХХК-ийн асуудал нэмэгдэж өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг шүүж байна. Яг үнэндээ Б.Отгонбаатарыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүх танхимд анх удаа харж буйгаа хэлж, энэ хүнтэй холбогдуулахгүй байхыг хүсэж байсан ч мөрдөн байцаагч уг асуудлыг авч хэлэлцээгүй байна.

Б.Отгонбаатар нь хорт хавдартай хүн бөгөөд өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байхдаа удаа дараа биеийн байдлаа хэлж, тусгай шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байжээ.
.jpg)
Энэ хэргийн шүүх хурал өмнө нь 2020 оны зургадугаар сарын 16, 22-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаан хойшилсон. Уг хурал дээр шүүгдэгч Б.Отгонбаатар эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж өгөхийг шүүгчээс дахин дахин гуйж байсан юм.
Гэвч шүүгч Х.Идэр "461-р анги 2-р шатлалын эмнэлэгтэй тул тэндээ эмчлүүл" гэсэн шийдвэрийг гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлаагүй. Харин 461-р ангийн дэргэд байх эмнэлгийн байгууллагаас Б.Отгонбаатарт яаралтай үеийн арга хэмжээ авахаас бус хорт хавдар өвчнийг эмчлэх чиглэлээр шууд чиглэсэн эмчилгээ хийх боломжгүй гэж байжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдал муудаж түргэн тусламж авч байгаа ч шүүх хуралдааныг зогсоолгүй үргэлжлүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.