БИЧЛЭГ: Сэлэнгийн ард иргэд МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзмаар байна гэлээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан яг одоо Сүхбаатар дүүргийн шүүх танхимд болж байгаа билээ. Шүүгчийн хууль бус захирамжийг эсэргүүцэж Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны иргэдийн төлөөлөл болсон 300 гаруй иргэн жагсаал хийж байна.

Дөнгөж сая шүүх хуралдаан түр завсарласны дараа шүүгдэгч нарын зүгээс гаргасан хүсэлт болох шинэ өмгөөлөгчийг хэрэгтэй нь танилцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахгүй, цааш хурлыг үргэлжлүүлнэ гэж шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өмгөөлөхөөр өнөөдөр өглөө /2020-07-02/ сонгогдсон өмгөөлөгч Д.Батсүх эсэргүүцэл үзүүлж, шүүх хуралдааныг орхин гарсан. Гэсэн ч шүүх хуралдаан үргэлжилсээр буй юм.

Сэлэнгийн ард иргэд энэ байдалд улам бухимдаж байна. Тэд шүүгч Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй, хүчээр шүүн таслах ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Мөн Монголд анх удаа өмгөөлүүлэх эрхээр нь хүнийг хангахгүй хүчээр шүүн тасалж байгаа явдал гарч байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. Тэд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад шүүх улс төрийн захиалгаар ял тулгах нь гэсэн айдастай байгаагаа нуусангүй. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын МАН-ын хорооны дэд дарга Э.Баярхүү дөнгөж сая /14:00 цаг/ LIVE хийлээ. 

Иргэд:

-Сэлэнгийн ард түмэн МАН-ын дарга У.Хүхэлсүх таны илгээсэн багийг багаар нь дэмжиж Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын төлөө саналаа өгч төрд илгээсэн шүү дээ.

-Ж.Эрдэнэбат үнэхээр хууль зөрчсөн бол бид ингэж зогсохгүй, илт хууль бус шийдвэр гаргасан шүүхийн захирамжийг эсэргүүцэж бид жагсаж байна.

-Монголын шүүхийн практикт ийм тохиолдол гарч байгаагүй гэж хуульчид хэлж байна.

-Цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт энэ хананы цаана явагдаж байна...

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өмгөөлөгчгүй ганцаараа шүүх хуралд оролцож байна шүү дээ.

-МАН-ын дарга У.Хүрэлсүхээ бид тантай уулзмаар байна. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тантай уулзмаар байна. Бид эгэл жирийн намын гишүүний хувиар та бүхний ажлыг байнга дэмжин ажиллаж ирсэн. Гэтэл бидний үгийг яагаад сонсохгүй байгаа юм бэ?

-Өмгөөлөгчгүй шүүх хурлыг зогсоо!!!

-2020 оны УИХ-ын сонгуулиар намаас дэмжиж явуулсан Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарыг багаар нь дэмжиж гаргасан. Ж.Эрдэнэбат гишүүний үнэмлэхүй 1-ээр гаргасан. Бидний сонголтын төлөө нам яагаад дуугарахгүй байгаа юм бэ?

-Энэ хэргийн талаар хамгийн анх дуугарч мэдэгдэл гаргасан УИХ-ын дарга Г.Занданшатар танд талархаж байна. Бусад нь яагаад дуугарахгүй байгаа юм бэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх хаана байна вэ?

-МАН-ын дарга намын гишүүдийн эцэг байх ёстой. Намынхаа гишүүдийн төлөө дуугараач гэж шаардаж байна.

-Парламентэд олонх болсон 62-ын бүдүүн бүлгийг бий болгохын төлөө Сэлэнгэ аймгийн МАН-ын эгэл жирийн гишүүд хангалттай ажилласан. Гэтэл одоо намын журмын нөхөр чинь энэ хаалганы цаана ганцаараа өмгөөлөгчгүй сууж байна. Түүнд улс төрийн захиалгаар хүчээр ял тулгах гэж байна... Үүний төлөө МАН яагаад дуугарахгүй, арга хэмжээ авахгүй байна вэ?

-Яагаад У.Хүрэлсүх дарга байр сууриа илэрхийлэхгүй байна вэ? Тантай уулзмаар байна.

-МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан та Ж.Эрдэнэбат гишүүний асуудлаар нам арга хэмжээ авч байгаа гэж хэлсэн. Нүдэнд харагдахгүй байна. Ямар арга хэмжээ авч байгаагаа хэлээч?

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.