СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Чинбат: Сурталчилгааны ажилтан бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ТЕГ, ЦЕГ хамтарсан хэвлэлийн хурлаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг хүргэсэн. Үүнээс хойш ирж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо нэлээн өссөн.

Өнөөдрийн байдлаар ТЕГ-т иргэний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй  89 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байна. Үүний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна.

.

ТЕГ цагдаагийн байгууллагаас ирсэн долоон хэрэг бүртгэлтийн хэрэгтэй нийлээд нийт найман гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Эдгээрийг ангилбал:

  • Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5
  • Иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад болох 2
  • Сонгуулийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 байна.

Зөрчлийн шинжтэй есөн гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу шилжүүлсэн.

89 гомдол, мэдээллийг ангилж үзвэл цахим хаяг, ном, хэвлэмэл дамжуулан нэр дэвшигчийн алдар хүндийг гутаан доромжилсон, илт худал мэдээлэл тараасан гомдол 81 хувийг эзэлж байна.

Сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, амралт сувилалд явуулах, шагнал гардуулах зэрэг санал худалдан авахыг оролдсон гомдол 11 ирсэн. Зөвшөөрөлгүй оршин суугаа хаягийн бүртгэлийг өөрчилсөн, хууль бусаар олон тооны иргэдийг оршин суугаа хаягаас шилжүүлсэн, дижитал технологи ашиглан төрийн эрх мэдлийг авахаар оролдож буй гэх гэмт хэргийн шинжтэй гомдол зургаа ирсэн" гэлээ.

.

Сонгуулийн үеэр хууль тогтоомжийг дагаж мөрдөн ажиллахыг эдгээр байгууллагаас нам, эвсэл, нэр дэвшигч бүрт гардуулсан бөгөөд ийнхүү шаардлага хүргүүлсээр байтал хууль тогтоомж зөрчиж, нэр хүндийг гутаасан илт худал мэдээлэл түгээх, эд зүйл тараан санал худалдан авах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсаар байгаа тул таслан зогсоох талаар хуулийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд энэ тал дээр нам, эвслүүд анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Ч.Чинбат: Сурталчилгааны ажилтан бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлсэн 

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат:

Цагдаагийн ерөнхий газарт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд сонгуулийн сурталчилгааг зөрчсөн гэх 1118 гомдол ирсний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын сонгуулийн штабын ажилтнууд 2020 оны зургадугаар сарын 5-ны өдөр тус сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хашаа барьж өгсөн гэх асуудлыг шалгасан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад зургадугаар сарын 17-ны өдөр холбогдогч Б-г 20 сая төгрөгөөр торгосон.  

-Зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшигчээс 300 гаруй мотоциклыг ирүүлж хадгалж байсан үйлдэл илэрсэн. Үүнийг шалгаж байна.

-Зургадугаар сарын 18-нд УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдэд шатахуунаар хангах нэрийдлээр 80 гаруй иргэний автомашинд шатахуун хийсэн нь тогтоогдсон.

-Зургадугаар сарын 15-нд УИХ-ын Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б-гийн гэр бүлийн хүн Баянгол дүүрэгт өөрийн төрсөн өдрийг тэмдэглэх үедээ бэлэг, бэлэн мөнгө тараасан.

-Зургадугаар сарын 16-нд нэр дэвшигч Т-гийн сурталчилгааны ажилтан Х гэх этгээд бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Говь-Алтай аймагт зургадугаар сарын 18-нд тухайн аймагт нэр дэвшигч А-гийн сонгуулийн штабын ажилтан Б нэр дэвшигчийн төлөө саналаа өгүүлэх зорилгоор нэр бүхий 7 хүнтэй урьдчилан уулзаж, тухайн иргэдэд бэлэн мөнгө тараасан үйлдлийг шалгаж байна.

Түүнчлэн хуульд зааснаар сонгуулийн санал авахаар мөнгө, эд зүйл тараах, ирээдүйд авахаар хэлцэл хийх, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, хүлээн авалт, дайллага хийх, сонгуульд оролцохоос татгалзсан уриалга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээлэл, цахим орчин ашиглан чансаа тогтоох санал асуулга явуулах зэрэг хуульд зааснаас өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд хэлж, нэр дэвших эрхийг хүчингүй болгон нийтэд мэдээлэх ёстой гэдгийг нэмж хэлсэн юм.

Хэрэв мөнгө тарааж байх юм бол Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн өгсөн мөнгөний үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэн урамшууллыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.