LIVE: О.Сэргэлэн: Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг энэ ондоо багтаан хийнэ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо анх удаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж, эмчилгээний эмнэл зүйн зааврыг боловсруулж, батлуулаад байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд дэлхийн дахин номер нэгт байгаа бүх өндөр технологийг нутагшуулж бөөр, элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байгаа билээ. Эрүүл мэндийн яамнаас гадаадад зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай 27 өвчний жагсаалтад нойр булчирхайн эмгэг багтдаг. Монгол эмч нар маань нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийж чадвал дээрх жагсаалт нэгээр хасагдана хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, доктор, профессор, гавьяат эмч О.Сэргэлэн эмч дурдлаа.
Манай улсад нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслаас бусад эмгэгийг эмчилж байгаа. Уг хагалгааг хийж эхэлснээр бөөр, нойр булчирхайн асуудалтай хүмүүсийн амь насыг аварна гэсэн үг.
Энэ чиглэлээр БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвд эмч нараа сургаж, бэлдлээ. БНСУ-ын эмч нар ирж эхний удаад заавар, зөвлөгөө өгөх ёстой. Коронавирусийн улмаас эмч нар ирж чадахгүй байгаа ч УНТЭ-ийн эмч нар маань хүндээ суулгах процессыг туршилтаар 2-3 удаа хийж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Энэ ондоо багтаан нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлнэ.
Элэг шилжүүлэн суулгах ажиллагааг хамгийн сүүлд 25 хоногийн өмнө нэг өвчтөнд хийгээд байна. Өнгөрсөн сард дөрвөн хүнд хийсэн. Цусны төвийн доноруудын олдоц цөөвтөр байгаа тул элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоо буурсан ч бид нар нэн шаардлагатай өвчтөнүүддээ хагалгаагаа хийж байгаа.
Цаашлаад коронавирусийн халдвар улмаас гадаадад байгаа иргэдээ эх оронд авчирч байгаа. Цэргийн төв эмнэлгийн хувьд гадаадаас ирсэн өвчтэй иргэдийг эмчилж байгаа тул тус эмнэлгийг ачаалал Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирсэн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн ачаалал нэмэгдэж, өдөрт 150 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байгаа бол ерөнхий мэс заслын тасаг өдөрт 30 хагалгаанаас буухгүй байгаа гэдгийг О.Сэргэлэн эмч дурдсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.