Леди Гага: Ерөнхийлөгч Трамп бол тэнэг, арьс өнгөөр ялгаварлагч
Миннеаполисын цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын шударга бус үхэл ил болсноос хойш АНУ төдийгүй дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал болж, хүмүүс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хамт зогсож байгаа. Флойдын хүзүүн дээр найман минут гаруй өвдөглөн, амьсгалыг нь боосон офицер Дерек Чаувиныг гуравдугаар зэргийн аллагын хэргээр баривчлаад байгаа хэдий ч бусад гурван хамтрагч нар зөвхөн халагдаад байгаа юм. Олон алдартнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхлыг эсэргүүцэн дэмжлэгээ илэрхийлж байгаа энэ үед дуучин Леди Гага өөрийн үзэл бодлоо Инстаграм хуудаснаа тавьжээ.
Тэрээр “Энэ талаар хэлэх зүйл надад их бий ч эхний ээлжинд хүмүүсийн уур уцаарыг төрүүлэх зүйл хэлэхээс айж байна. Гэхдээ энэ бол одоо яг байх ёстой сэтгэл хөдлөл юм. Би хүчирхийлэлд хувь нэмэр оруулахыг хүсэхгүй байна, харин шийдвэрт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Системчлэгдсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон үүнийг дэмждэг бохир тогтолцооны үр дүнд олон зуун жилийн турш амь насаа алдсан өнгөт арьстнууд ба Жорж Флойдын үхэлд миний ч уур хүрч байна” гэв.
Мөн “Өнгөт арьстнуудын дуу хоолойг хэтэрхий удаан хаан боогдуулж, тэр нам гүм байдал үеийн үед олон хүний аминд хүрсэн. Тэд эсэргүүцэл үзүүлэхийн тулд юу ч хийсэн байсан ч тэднийг хамгаалах ёстой удирдагч нар ямар ч ойлгож, өрөвдөх сэтгэл гаргадаггүй. Америкт хүмүүс өдөр бүр арьс өнгөөр ялгаварладаг, энэ бол үнэн” хэмээн улсын удирдагч нараа шүүмжиллээ.
Дуучин үргэлжлүүлэн “Ерөнхийлөгч Трамп бүтэлгүйтсэнийг бид аль эртнээс мэдэж байсан. Тэр дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаалыг хашиж байгаа ч өнгөт арьстнуудын амь эрсдэлд орсоор байхад мунхаглал, өрөөсгөл хандлагаас өөр юу ч санал болгосонгүй. Түүнийг ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш бид түүнийг тэнэг, арьс өнгөөр ялгаварлагч гэдгийг мэдэж авсан. Анхнаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үйл ажиллагаанд суурилсан тогтолцоог тэр улам их өөхшүүлж байгаа бөгөөд үүнээс болж ямар нөхцөл байдал үүсэж байгааг бид бүгд харж байна” гэжээ.
Мэдэгдлийнхээ төгсгөлд Леди Гага “Бид өнгөт арьст хүмүүст хайр, дэмжлэгээ үзүүлэх ёстой. Цагаан арьст эмэгтэйн хувьд би ч бас тэднийг дэмжинэ гэдгээ амлаж байна. Цагаан арьст хүмүүс бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг болон алагдаж байгаа хүмүүсийн төлөө хангалттай тэмцээгүй. Энэ бол шударга ёс биш. Энэ бол манай улс орныг удаан хугацааны турш тодорхойлсоор ирсэн, одоо ч тодорхойлж байгаа эмгэнэлт явдал юм. Би гуниглаж байна. Би уурлаж байна. Тиймээс би хамгийн үр дүнтэй, хүчирхийлэлгүй аргаар хэрхэн өөрчлөлт хийх хэрэгтэйг өөрийн чадах хэмжээний үгээрээ илэрхийлэх болно” гэв.
Эх сурвалж: aol.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.