"Covid-19" цар тахлаас үүдэн дэлхий нийтээр дотооддоо ажлын байраа хадгалах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах олон арга хэмжээ авч байгаа аж. Жишээлбэл АНУ 1,2 их наяд долларын багц бүхий эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр баталсан. БНСУ 9,4 тэрбум ам.долларын хэмжээтэй эрсдлийн үеийн төсөв баталсан. Франц улс 354 сая ам.долларын банкны зээл гаргаж иргэдээ зээл, татвараас чөлөөлсөн. Япон улс 12 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаж компаниудаа дэмжсэн.
Гэтэл манай улс дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өчигдөр Засгийн газар шийдвэр гаргаж хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ бол зээлийг хөнгөлсөн, чөлөөлсөн явдал биш. Зээлийг хуримтуулсан хэлбэрт л орууллаа. Гэтэл бусад улс орон иргэдээ эдийн засгийн хүндрэлд өртүүлэхгүй, цаашилбал хөнгөвчилсөн арга хэмжээ авч байна. Монголын засгийн газар өнөө маргаашаа аргацаасан л арга хэмжээ авлаа. Маш олон ААН үүд хаалгаа барихад бэлэн байна.
Өндөр хүүтэй зээл авсан хэсгийн бодит зээлийг ЖДҮХС-д шилжүүлж, Төрийн банкаар дамжуулж зээл олгох ёстой. Банк хоорондын тооцоогоор шилжүүлэх гэх мэтээр бодит дэмжлэг үзүүлээч гэсэн санал хүргүүлж байна" гэлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Ерөнхий сайдад хандан дараах дөрвөн зүйлтэй шаардлага хүргүүлж байна.
Нэгдүгээрт, Коронавирусийн цар тахлын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр яаралтай боловсруулах
Хоёрдугаарт, Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2020 оны төсөвт 1-1,5 тэрбум ам.долларын эрдэс баялагын алдагдалыг зөв тооцсон төсөв батлах ёстой.
Гуравдугаарт, ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах нэн яаралтай арга хэмжээ авах
Дөрөвдүгээрт, Засгийн газар Монгол банк хоёр хамтарч хүн амын орлого болон хэрэглээний багцийн хуримтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх санал боловсруулан УИХ-д яаралтай оруулах хэрэгтэй.
Манай улсын төсөвт дараах эрсдэлүүд үүсээд байна.
-Төсөвт тодотгол хийхгүй бол 200-250 мянган ажлын байр алдах эрсдэл үүссэн
-Улсын төсвийн нийт орлогын хэмжээ 9,6 тэрбум төгрөг буюу 11,7 хувиар тасалдах эрсдэл үүссэн
-Нийт зарлага 253,9 тэрбум төгрөг буюу 42,7 хувиар өссөн
-Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 410,4 ам.доллараар тасалдах эрсдэл үүссэн
-Эскпорт 29,5 сая ам.доллараар буурах эрсдэл үүссэн. Импорт 10,4 хувиар буурсан.
-Татварын орлого эхний 2 сард 1.3 их наяд болж 76.2 тэрбумаар буурсан байна.
Энэ бүх тооноос харвал төсөвт бодит байдлаар хандах цаг болжээ. УИХ төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай боллоо. Улсын төсөв 1 их наядаар буурах бодит нөхцөл үүссэн тул "Эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр" боловсруулахыг Ардчилсан нам Засгийн газраас шаардаж байгаа аж.
Мөн "Гамшгийн эрсдлээс хамгаалах үндэсний зөвлөл" яаралтай байгуулахыг шаардаж байна.