Коронавирусийн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Улсын Онцгой комисс энэ сарын 24-ны өдөр 14:00 цагт хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Бүгд Найрамдах Солонгос Улсад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, 16.00 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 793 болж, долоон хүн нас барсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ Онц байдал зарласан байгаа юм.
Улсын Онцгой комиссоос Өмнөд Солонгост асуудал нэлээд хурцдаж байгаа учраас өнөөдрөөс гуравдугаар сарын 2-ныг хүртэл Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл, Бусан-Улаанбаатар, Улаанбаатар-Бусан чиглэлийн агаарын нислэгийг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 нислэгийг зогсооно. Нийт 3668 хүн билет захиалсан. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Халдварын тархалтыг газар авхуулахгүйн тулд халуунтай хүнийг онгоцоор зорчуулахгүй. Халдварын бүсээс зорчигч авахгүй байхыг онцгой анхааруулсан. Иргэдийн онгоцны тийзний тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаана" хэмээв.
БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Үүнээс гадна хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварыг сэргийлэх хамгийн гол арга зам гэж УОК-оос үзсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчилнэ. Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам БНСУ дахь монголчуудад анхаарлаа хандуулан ажиллана. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Эрүүл мэндийн яам коронавирусийг хэрхэн оновчтой илрүүлж байна вэ гэдгийг иргэд ярьж байна.
Япон улсаас оношоо давхар баталгаажуулах үүднээс уушгины хатгалгаагаар өвдсөн 60 хүнд оношлуураар үзэхэд амьсгалын замын цочмог халдвар болох нь батлагдсан.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна.
Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллана гэдгийг тодотголоо. Энэ хүрээнд БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн төлбөр авахгүй гэдгийг тус улсаас мэдэгджээ. БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан ТЭГҮ хотоос ирж буй иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д визний зөрчилтэй иргэдийг тус улсаас ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгажээ.