УИХ-ын дарга Г.Занданшатарын Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн онцлох үгс
· Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Монголын төр, “төр” шиг байх. Уламжлал болон орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагыг хослуулсан өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьсан.
· Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг ард иргэд тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн.
· Монгол хүнийг сайхан амьдруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээтэй болж, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт чиглэж байгаа.
· “Төр” шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэнэ.
· Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон.
· Төрийн албан хаагчдыг үндсэндээ дараах таван хэсэгт ангилж болохоор болж.
1.Зомби буюу “амьд үхдэл”. Төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс бий болсон.
2.Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын асуудал хариуцсан гишүүдийн хэлснээр 2018 онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна. Саяхан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албан хаагчид авлигаас болж 2 их наяд төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлсэн. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор улс орны хөгжлийг хойш нь чангаагч ийм нэг хэсэг төрийн албанд байна.
3. Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг боловч хагас дутуу, чанаргүй, сэтгэлгүй хийдэг.
4. Сайн гүйцэтгэгчид. Үнэн хэрэгтээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээсээ, чанартай, бодитой хэрэгжүүлдэг сайн гүйцэтгэгчид бага хувийг эзэлж байна.
5. Ялагчид. Маш бага хувийг эзэлдэг.
· Зомби болон хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг.
· Ялагч нар аливаа ажлыг сэтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг. Тэд зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх бус шинийг эрэлхийлж, өөрийн санаачилгаар төр улсынхаа төлөө зүтгэдэг.
· Өнөөдрийн хэлж ярьсан бүгд энгийн нэг тунхаг, мэдэгдэл төдий зүйл биш гэдгийг дахин хэлье. Энэ бол Та бүгдэд тавьж буй албан ажлын шаардлага. Төрийн албан хаагчид,
- ард түмэндээ үйлчлэх,
- мэргэшсэн, тогтвортой байх;
- улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
- Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;
- төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;
- ил тод байх;
- ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
- захирах, захирагдах ёсыг баримтлах.
зэрэг зарчмууд дээр үндэслэн томилогдож байхыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан заасан.
· Хууль журмаа чандлан сахиж, төрийн албаны үйл хэргийг тууштай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөл, төрийн нийт байгууллагууд түүний дотор хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.
· Монголын төрд хоноцын сэтгэлээр ханддаг зомби, хорлон сүйтгэгч нарт гишгэх газар байхгүй.