Ирландын нийслэл Дублин хотын оршин суугчид зул сарын баяр болох гэж байгааг тохиолдуулан өмсдөггүй, дахин ашиглахгүй гэсэн дулаахан гадуур хувцсуудаа орон гэргүйчүүдэд зориулан хандивлах саналыг гаргажээ. Хотын иргэд Хапенни явган гүүрэнд дулаан хувцаснуудаа өлгөж, орон гэргүйчүүд тэднийг авах энгийн санал байв.
Өгөөмөр иргэд #warmforwinter хаштагийн хүрээнд гүүрэн дээр дулаан хувцаснуудаа тохож эхэлсэн ч хотын захиргааны эрх баригчид дургүйцжээ. Тиймээс Дублин хотын зөвлөлийн гишүүд, ажилтнууд гүүрэн дээр байсан хувцаснуудыг авч хураасан байна.
Сайхан сэтгэлээр орон гэргүй иргэдэд зул сарын бэлэг барихыг хүссэн тэмцэгчид эрх баригчидтай санал зөрөлдөж, тэднийг шүүмжлэн буруутгаснаар цахим орчинд маргаан гарчээ. Иргэд хотын эрх баригчдыг орон гэргүйчүүдийн өмнө хайхрамжгүй хандаж, гадны жуулчдын өмнө хоосон дүр эсгэлээ хэмээн шүүмжилж байна.
Ирландад 10,500 гаруй орон гэргүй хүн амьдардгийн 3,800 нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүд байгаа юм. Өнгөрсөн сарын тооллогоор Дублин хотод 100 орчим орон гэргүй хүн гадаа хоноглож байна гэжээ.
Орон гэргүй иргэдэд туслахыг хүссэн хандивлагчид Хапенни гүүрийг сонгосон учир нь 1816 онд баригдсан түүхэн алдартай уг гүүрэн дээр ядуу иргэд гуйлга гуйж суух нь элбэг ажээ. Харин хотын зөвлөл эдгээр хувцаснууд гүүрээр гарч буй хүмүүст саад учруулж, хэт ачаалал үүсгэж байна хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: www.theguardian.com