ВИДЕО ТОЙМ: Өнөөдөр манай 4 бөх дагах барилдаан хийнэ

 

74214506 10162272093875167 1530677450386702336 o 01 

Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -57кг, -65кг, -70кг, -79кг, -97кг жингүүдийн дагах барилдаан, мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -61, -74, -86, -92, -125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдлаа. Манай улсаас дагах барилдаанд -57кг жинд З.Занабазар, -70кг жинд Э.Тэмүүлэн барилдсан ба бүх барилдааны бичлэгүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

“Будапешт-2019” бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хоёр дахь эрэгтэйчүүдийн 61, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо. Энэ өдөр манай таван бөх хүч үзсэнээс 74 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл, 125 кг-д “Даян” дэвжээний тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгарсан тул маргааш дагаж барилдана. Харин 61 кг-д ОУХМ Ц.Чинзоригийг ялсан Армений бөх хагас шигшээд Энэтхэгийн Равиндерт ялагдснаар дагах барилдаан хийх боломжгүй болсон. Ингээд манай бөхчүүдийн хэрхэн барилдсан барилдааны тоймыг толилуулж байна. 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -74кг жинд Б.Бямбадорж:

ОУХМ Б.Бямбадорж 1/8 шигшээд Кыргызстаны Мансур Сыргак-Уулуг 7:2-оор яллаа.

Тэрбээр 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммад Нокходид 6:10-аар ялагдлаа. Түүнийг ялсан Ираны бөх шигшээ барилдаанд шалгарсан тул манай бөх өнөөдөр дагах барилдаан хийх эрхтэй боллоо.  

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -86кг жинд Г.Ганхуяг:

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ болон Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг тэгшигтэлийн барилдаанд Румыний Николае Палахиаг оноогоор цэвэр (11:0) яллаа.

1/8 шигшээд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай эзэн орны Патрик Журовскиг 11:0-ээр ялж шөвгийн наймд шалгарлаа.

1/4 шигшээд энэ жилийн Азийн аварга, өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Ираны Камран Гасемпуртай хүч үзлээ. Өнгөрсөн жил Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-ий хагас шигшээд Ираны бөхтэй тааран барилдаж дийлдэж байсан бол энэ удаа 0:3-аар ялагдав. Ираны бөх шигшээд шалгарсан тул Г.Ганхуяг өнөөдөр дагах барилдаан хийнэ. 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -92кг жинд М.Цогтгэрэл:

Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл тэгшитгэлд Канадын Жереми Пуарьег 8:5-аар яллаа.

1/8 шигшээд 2018 оны Оросын аварга, энэ жилийн “U-23”-ын Европын аварга, ОХУ-ын Батырбек Цакуловт 0:10-аар ялагдаж улмаар ОХУ-ын бөх цааш шигшээд шалгарсан тул М.Цогтгэрэл өнөөдөр дагах барилдаан хийнэ. 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -125кг жинд М.Лхагвагэрэл:

Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга ОУХМ М.Лхагвагэрэл эхний барилдаанд Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр ялсан. 

 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевтой хүч үзэж 2:3-аар тун харамсалтай ялагдлаа. Ингэснээр манай бөх өнөөдөр манай бөх дагах барилдаан хийхээр боллоо. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.