Монгол Улс Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой тохиож буй юм. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас ой тэмдэглээд өнгөрөх бус ард иргэд рүү гээ чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд энэ сарын 26-ны өдөр буюу энэ бямба гарагт Улсын бүртгэлийн байгууллагын бүх газар, хэлтэст “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны улсын бүртгэгч нар маань амралтын өдрөөр ажиллаж, улсын бүртгэлийн 136 төрлийн үйлчилгээгээр иргэн, аж ахуйн нэгжид үйлчилнэ.
Уг өдөрлөгийн үеэр иргэд улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна иргэний үнэмлэх дахин олгох хүсэлтийг 13:00 цаг хүртэл хүлээн авч, өдөрт нь хэвлэн гаргаж өгөх юм байна.