"Чөлөөт бөхийн ДАШТ-2019" өнөөдөр эхэлнэ
“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлнэ.
Чөлөөт бөхийн ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм. Дээрх жингүүдэд барилдах манай бүсгүйчүүдийн оноолттой танилцъя.
50кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Ази тивийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлд “Монголиа Опен”-д мөнгөн медаль хүртэж байсан ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарлаа. Энэ жинд 30 бөх барилдах бөгөөд түүний хэсэгт Олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл медальт, ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай Азербайжаны Мария Стадник, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сун Янань, Японыг төлөөлж очсон, Азийн хошой аварга Японы Юки Ириэ, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын Ким Сон Хан нарын шилдгүүд багтжээ.

53кг: “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа өнөөдөр Камеруны Эмилиенне Эссомбетэй оноолт таарчээ. Э.Сумъяагийн хэсэгт дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаида, “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Шведийн София Маттссон, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хильдбрандт, Европын хошой аварга ОХУ-ын Стальвира Оршуш нар багтжээ.

55кг: 23 хүртэлх насны Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ДАШТ-д анх удаа зодоглох гэж буй “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитатай оноолт таарлаа.

72кг: “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, найман жилийн дараа дэлхийн дэвжээнд дахин зодоглохоор болсон “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палиха Палихатай учраа таарав.

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож буй манай баг бүрэлдэхүүний мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.
Мөн түүнчлэн тэмцээний хуваарьтай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.