СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-07-29

Эрчүүд эрүүл мэндээ хайхрахгүй байгаагаас шалтгаалж элэгний өвчлөл бага хувиар буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

П.Батзаяа

Дэлхийн “Хепатитийн өдөр” өнгөрсөн баасан гарагт тохиож, Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусийн шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Энэ өдөр ард иргэдэд Хепатитийн халдвараас урьдчилан сэргийлж, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын өвчнийг эрт илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буйг албаны хүмүүс онцолж байв.

Биднийг очих үеэр В,С вирусын халдвартай эсэхээ тодруулах шинжилгээнд хамрагдахаар төв талбайг зорин ирсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа. Хачирхалтай нь, өдөр бүр оршин суугаа газрынх нь харьяа дүүргийн хороо, сум, баг дээр үнэ төлбөргүй явуулж байгаа тус шинжилгээг ганцхан өнөөдөр л аваад дуусчих гэж байгаа мэтээр муйхарлан ойлгож, урагш зүтгэгчид олон харагдсан. 

Зарим нь хаана, юунд дугаарлаж байгаагаа ч мэдэхгүй, зүгээр л байр эзлэж зогсохыг илүүд үзэж байв. Шинжилгээ авах ногоон асар хоёрыг барьжээ.

Эхний асарт Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэд шинжилгээ өгөх бол дараагийн асарт нь Сонгинохайрхан , Баянзүрх дүүргийн иргэд дарааллын дагуу үзлэгт хамрагдаж байгаа харагдана. Энэ үеэр зөвхөн шинжилгээ болон элэгний хатуурлыг тодорхойлох эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. Тодруулбал, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд болон дүүргүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг эмнэлгийн шат шатны байгууллагууд нэгэн дор иргэдэд үйлчилгээ үзүүлж буйгаар онцлогтой байв.

Шинжилгээнд 40-65 насныхан идэвхтэй хамрагдав

Зарим иргэд үнэ төлбөргүй үзлэг явагдана гэх мэдээлэл аваад өглөө эрт дугаарлахаар иржээ. 08.00 цагаас хойш дугаарлаж буй иргэн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Энэ асарт үзлэг, эхо шинжилгээ гэсэн байхаар нь дүүрэг хамаарахгүй үзүүлнэ гэж ойлгоод зогсож байтал заавал харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн газраас бичиг авах ёстой юм байна. Тэнд нь бас бөөн оочер дараалал. Хэдийгээр үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь сайн хэрэг боловч зохион байгуулалт муу байгаагаас эмх замбараагүй байдал үүсч байна. Зарим хүмүүс урдуур дайрч бүдүүлэг авирлах юм” гэв.

Баянзүрх дүүргийн өндөр настан Д.Оюунхорол “Ард иргэдэд ойртож үйлчилсэн сайхан ажил болж байна. Би өглөө ирэхдээ сандалаа авчирсан болохоор ядах юмгүй дугаарлаад үзүүлчихлээ. Өглөөгүүр хүн багатай байсан, одоо үзүүлэхээр дугаарлаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Залуучууд эрүүл мэнддээ их анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг гэв. . Энэ удаагийн өдөрлөгт хамрагдаж буй хүмүүсийн ихэнх нь 40-65 хүртэлх насны иргэд зонхилж байлаа.

 

Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд В,С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана

Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдар, элэгний хатуураал өвчнөөр өвдөх хүмүүсийн нас улам залуужиж байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт өвчлөлүүд элэгний вирусыг архаг халдвараас үүдэлтэй. гэсэн харамсалтай тоо баримт бий.

Манай улсын хувьд ч энэ төрлийн өвчлөлөөр нас барах хүмүүсийн тоо тэргүүлэх үзүүлэлтэд хүрсэн нь харамсалтай. Энэ өвчлөл залуужих хандлагатай байна..

Өнөөдөр үнэгүй оношилгоо, шинжилгээ хийж байгаа. Гэхдээ энэ ажил ганцхан өнөөдөр хийгээд дуусчих ажил биш. Элэгний В, С вирус илрүүлэх үзлэгийг өдөр бүр өрх, сум, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийж байгаа. Иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилго нь энэхүү эрт илрүүлгийн ажлыг харуулж сурталчлан таниулж байна.

Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдраар өвдөж байгаа иргэдийн дунд залуус багагүй тоотой байгаа нь сэтгэл зовоож буй. Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар эрүүл мэндийн даатгал төлсөн 900 гаруй мянган иргэдийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулсан. Энэ нь хамрагдвал зохих ёстой иргэдийн 59 хувь нь юм. Вирус илрүүлэх шинжилгээ, оношилгоо, үзлэгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа тул иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдахгүй энэ үйлчилгээг авч чадахгүй хоцрогдож байна. Тиймээс үүргийнхээ дагуу даатгалд хамрагдах ёстой” гэв.

 

ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ 2020 ОНД БҮРЭН УСТГАНА

Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа эрчүүд илүү хойрго хандаж байгааг албаны хүмүүс хэллээ. “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “. Үсний угт гарсан шархны тав унасан байхад өмнө нь вирусын халдвартай хүн үсээ засуулж, сам хэрэглэсэн бол В, С вирусийн халдвар авна. Вирусийн халдвартай хүний тоо ихсэх тусам халдвар авах эрсдэл өндөр болно гэсэн үг. Монгол Улсад “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр жил хүрэхгүй хугацаанд Улаанбаатар хотын нийт хүн амын дундах элэгний В,С вирусийн архаг халдвартай хүний тоо 56 хувиар буурсан.

. Эрчүүдийн дунд вирус ийм бага хэмжээтэй буурсан нь эрчүүд эрүүл мэндээ хайхардаггүйтэй холбоотой. Цаашид 2020 он гэхэд элэгний В, С вирусийн халдварыг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна” гэв

 

Элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд 29,9 сая төгрөг төсөвлөжээ

. Дэлхийд дээгүүрт бичигдэж буй уг өвчнийг бууруулахын тулд Монгол Улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацааг үдэж байна. . Элэгний B вирусээр 330 мянган хүн, С вирусээр 221 мянган хүн өвчилсөн гэсэн тоон мэдээ байдаг. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилт нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж буй юм.

Тодруулбал, энэ хүрээнд бол, энэ онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжих бөгөөд 15-39 насныхныг хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах аж.

Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.