Улсын хэмжээнд жилд дунджаар 60 мянган гаруй хүн шинээр жолооч болж, ангилалаа ахиулах, гээгдүүлсэн үнэмлэхээ шинээр авахаар 40 мянган гаруй иргэн ханддаг байна. Жолооны үнэмлэх шинээр авахад үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлыг хэрэгжүүлж байгаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар үе шаттайгаар жолооны үнэмлэхийг цахимаар бүртгэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо
Уг ажлын хүрээнд өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр жолооны үнэмлэх олгох асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай талаар албаны хүмүүс дурдсан. Тухайлбал, цахим хэрэгслээр иргэд жолооны үнэмлэх гаргана, ангилал солино гэх мэтээр хууль бус үйлдэл гаргах болжээ. Иймд уг үйлдлийг таслан зогсоохын тулд журам, стандартыг чангатгах шаардлагатай хэмээн албаны хүмүүс үзсэн юм.
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн дарга Ч.Батболд “Иргэдэд цахим үйлчилгээг хүргэх боломж байна. Гэхдээ жолооны үнэмлэхнийхээ үнэ төлбөрийг хэрхэн төрийн санд төвлөрүүлэх асуудал байгаа. Уг асуудлыг цахим бодлогын түр хороо энэ асуудлыг шийдвэрлэх юм бол цахимжуулах ажлын суурь хангагдсан байгаа” хэмээв.
АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх “Сүүлийн дөрвөн жилд жолооны үнэмлэхний бэлдэц хэвлэх зардалд 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулаад байхад бэлдэц байхгүй нэрийдлээр иргэдийг чирэгдүүлэн удаа дараа явуулан, түр үнэмлэх олгох асуудлыг цэгцлэн хууль тогтоомжинд нийцүүлэн ажиллахаар болсон. Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар үе шаттайгаар жолооны үнэмлэхийг цахимаар бүртгэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо” хэмээв.